Монголын хөлбөмбөгийн холбоо, “Пепси” брэндтэй хамтран зохион байгуулсан дээд лигийн тэмцээн 3 сарын турш үргэлжилж аваргуудаа тодрууллаа. Аварга баг тэмцээний сүүлийн өдөр тодорсон бөгөөд шийдвэрлэх тоглолтонд Эрдэнэ-очир дасгалжуулагчтай “Унаганууд” болон Воякан дасгалжуулагчтай “Дэрэн” клубуудын хооронд явагдсан. Анх удаа футзалын лигээс медаль авах болзол хангасан “Дэрэн”-ээс Ц.Төмөр-Очир хоёр дахь минутад зүүн хөлийн хүчтэй цохилтоор тооны харьцааг нээсэн. Гэсэн ч “Унаганууд”-ын ахлагч П.Алтантулга 6’, С.Наранбаатар 15’, Э.Пүрэвдорж 17’ минутад гоол оруулснаар эхний хагас 3:1-ээр өндөрлөлөө.
Хоёрдугаар үе эхлээд дөрвөн минутад өнгөрөөд байхад “Унаганууд”-ын Э.Ганзориг тооны харьцааг 4:1 болгосон. Түүний гоолоос минутын дараа эхний гоолын эзэн Ц.Төмөр-Очир дахин нэг гоол оруулж тооны харьцааг 4:2 болгон ойртуулсан ч хожил авахад хангалтгүй байлаа. Цаг дуусах мөчтэй зэрэгцэн “Унаганууд” клубын Орос легионер Рябиванов Алексэй хоёр гоол оруулснаар эцсийн цэг тавьсан.
Ийнхүү “Унаганууд” “Дэрэн”-г 6:2-оор хожиж “Пепси лиг”-т хоёр дахь, МХБХ-ны футзалын лигийн дөрөв дараалсан түрүүгээ авлаа. “Унаганууд” клуб өнөөдөр МХБХ-ны футзалын дээд лигт дөрөв /2014, 2015, 2016, 2017/ дараалан түрүүлэхээс гадна 2015 оны 03 сарын 01-ээс хойш 25 тоглолт дараалж хожсон гэдэг шилдэг амжилтыг үзүүллээ.
Лигийн тэмцээний хүрэл медалийг Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” клуб хүртсэн юм. Энэхүү тоглолтын дараа “Пепси” лигийн шагналт байрын багуудад медаль, мөнгөн шагналыг нь гардуулахын зэрэгцээ лигийн шилдгүүдийг тодрууллаа.
“Пепси лиг”-ийн “ШИЛДЭГ ХААЛГАЧ”-аар “Унаганууд” клубийн хаалгач М.Чанцал шалгарсан бол “МЭРГЭН БУУЧ”-аар “Унаганууд”-ын багийн ахлагч П.Алтантулга 29 гоолтойгоор хүртлээ. Лигийн шилдэг тэгш тоглогчоор хүрэл медалийн эзэн “Хоромхон” клубийн шилдэг тоглогч А.Улсболд тодорлоо. Шилдэг шүүгчээр Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч Б.Хаш-Эрдэнэ шалгарсан байна.
Эх сурвалж : Sportlife.mn