Увс, Архангай, Булган гээд аймгууд дээр үеэс л хүчит бөхчүүдээрээ алдартай. Баян-Өлгий аймгийн хувьд Улсын харцага О.Бахытыг эс тооцвол заал танхимын барилдаанд амжилттай барилдаж байсан бөхчүүд тийм ч олон биш. Харин сүүлийн жилүүдэд Баян-Өлгий аймгийнхан бөхийн хөгжилдөө анхаарч “Өлгийн хүчтэн” хэмээх дэвжээ байгуулсан. Энэ нь ч үр дүнгээ өгч 2016 оны наадмаар Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Б.Баатарцол тав давж нутгаасаа 34 жилийн дараа улсын цолны босго алхсан.
Баян-Өлгий аймгийн сүүлийн жил заалны барилдаанд тогтмол сайн барилдаж буй бөх аймгийн арслан Б.Серик.
Багаасаа барилдсан Б.Серик бөхийн жудо, кураш, самбогийн төрлөөр насанд хүрэгчид, залуучууд, өсвөрийн УАШТ-нээс медаль хүртсэн мундаг амжилттай. Үүнээс гадна сонирхогчдын сүмогийн залуучуудын Дэлхийн аварга. Мөн жил бүр Дархан-Уул аймагт зохиогддог үндэсний бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанаас алт, мөнгөн медаль хүртэж байсан. Тэрээр 2010 онд Улсын наадмын хүүхдийн барилдаанд амжилттай барилдаж улсын начин Өлзийбаярын хүү Дүүрэнбаяртай үлдэж үзүүрлэжээ. Б.Серик 2011 онд 17 настай хүү аймгийнхаа наадамд зодоглож аймгийн арслан М.Эркебулантай үлдэж үзүүрлэж аймгийн заан цолны болзол хангаж байсан бол аймгийн арслан цолоо 2013 онд Баян-Өлгий аймгийн наадамд аймгийн заан М.Аменбекийг давж түрүүлж хүртэж байсан юм. Залуу арслан Б.Серикийн барилдааны ур чадвар барилдаанаас барилдаанд бөгөөд үүнийгээ ч харуулж өнгөрсөн жилийн улсын баяр наадамд 4 давж Улсын арслан Э.Оюунболдтой тэнцүүхэн барилдаж тахим өгсөн.
Өнөө цагт өлгий нутгаас сайн барилдаж буй өөр нэг хүчтэн бол Дэлүүн сумын харьяат аймгийн арслан Н.Мустафа.
Тэрээр хэд хоногийн өмнө болсон Казах үндэстний баяр “Наурыз”-ын баярт зориулсан аймаг цэргийн цолтнуудын түрүү бөхөөр тодорч нутгийн олноо баярлуулсан.
Энэ нь Баян-Өлгий аймгийн бөх “Монгол бөхийн өргөө”-нд зохиогдсон барилдаанд түрүүлсэн анхны тохиолдол болж үлдсэн юм. Тэрээр “Аварга” БТДС-ийн төгсөгч бөгөөд Улсын начин Б.Адьяахүүгийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа хийж байна.
Тэрээр аймгийн арслан цолоо 2015 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж хүртэж байсан юм.
Баян-Өлгий аймгаас өнөө үед аймгийн арслан М.Эркебулан, У.Бреке, аймгийн харцага Н.Төмөрбаатар, аймгийн харцага Бейбит нарын бөхчүүд амжилттай барилдаж байна.
СЭТГҮҮЛЧ О.ДАШНЯМ
ЗУРАГЧИН Х.ХАШИЙМАА