Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтууд энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өнөөдөр Бразилийн шигшээ баг Парагвайг 3:0-ээр хожиж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан эхний багаар тодорлоо. Энэ тоглолтын эхний гоолыг 34 дэх минутанд Филипэ Коутино гоёмсог цохилтоор оруулж эхний үеийг өндөрлүүлсэн. Хоёрдугаар үеийн 64 дэх минутанд Бразилийн шигшээ болон Барселона клубийн довтлогч Нэемарын гоцлон тоглолт амжилттай болж гоол оруулсан.
Тоглолтын эцсийн цэгийг жигүүрийн хамгаалагч Марсело тавьж 86 дахь минутанд гоолдсон. Мөн Өмнөд Америкийн бүсийн Перугийн баг Урагвайтай тоглож 2:1-ээр хожжээ. Одоогийн байдлаар Өмнөд Америкийн бүсийг Бразилийн баг 33 оноотой тэргүүлж байгаа бол Дэлхийн шилдэг Месси тэргүүтэй Аргентины шигшээ баг 22 оноотой зөвхөн тавдугаар байрт бичигдэж байна.
О.ДАШНЯМ