Ширээний теннисний Улсын Аваргын тэмцээн Дархан хотод өнөөдөр эхэллээ. Орой 17.00 цагт “Дархан” Спортын Ордонд нээлтийн ёслол болно. Ширээний теннисний шилдгүүд Дарханд өрсөлдөх гэж байна. Дархан хот өөрөө Монголын ширээний теннисний спортын хөгжилд онцгой бахархам түүхтэй. Монголд ширээний теннисийг анх оруулж ирсэн, анхных нь сурах бичгийг зохиосон С.Чойвон багш 1960-70-аад онд Дарханд амьдарч байлаа. За тэгээд улсын аварга Баасан, Цагаанцэцэг, Галпүрэв, Лхагвадорж, Завьмөнх, Жаргалсайхан гээд мастерууд бүгд Дарханых. “Дарханд улсын аваргын тэмцээн 1981,1985,1987 онд болж байсан гээд бодохоор Дарханчууд теннисэнд дуртай нь харагдана. Бид сүүлийн тэмцээнээс яг 30 жилийн дараа Дархандаа улсын аваргыг авч байна” гэж Спортын мастер Л.Завьмөнх хэллээ. Дарханы Спортын Ордон танигдахын аргагүй гоё болчихсон байгааг сая харуулж байна. Шигшээ тэмцээн маргааш, нөгөөдөр болж 4-р сарын 1-нд аваргууд тодорно.
Ө.РАГЧААСҮРЭН