АЙМГИЙН НАЧИН Э.БААСАНЖАВ ТҮРҮҮЛЛЭЭ

2017-04-03  

“Монголын Үндэсний холбоо”-ноос хоёрдох удаагаа зохион байгуулж буй аймаг цэргийн начин цолтнуудын барилдаан Ням гарагт болж өнгөрлөө. Энэ удаагийн барилдаанд аймгийн начин цолтой 102, сумын заан цолтой 26 бөх зодоглосон юм. 

Аймаг цэргийн начин цолтнуудын эхний барилдааны түрүү, үзүүр бөхчүүд болох Б.Зоригтбаатар, О.Мөнх-Эрдэнэ нар энэ өдөр барилдсангүй. Барилдааныг Архангайн нэмэх начин Г.Болдгэрэл, Хэнтийн Д.Аззаяа, Булганы Д.Хишигдаваа, Дундговийн У.Мөнхчулуун нар манлайлсан.

Барилдааны нэгийн даваанд Хэнтий аймгийн Батширээт сумын заан Г.Бадрах Хөвсгөлийн аймгийн начин Ундрахыг элэг бүснээс зайлж татаад давсан бол Увсын сумын заан Н.Ширчинхүү Сэлэнгийн аймгийн начин Жаргалсайханыг бусгаад, Сэлэнгийн Х.Наранбаяр Завханы нэмэх начин Р.Батсүхийг баруун мушгиад тус бүр давцгаасан.

Хоёрын давааны эхэнд Ховдын сумын заан Б.Сосорбарам Увс аймгийн начин Б.Саранзолбоог, Хэнтийн Г.Бадрах Говь-Алтайн аймгийн начин Х.Дамдинг дунгуйлдаж татаад даваа авсан. Энэ даваанд дээгүүр барилдах тооцоонд байсан аварга арслан цолтнуудын “аранга” Хөвсгөл аймгийн начин Э.Өлзийсайхан Завханы Ч.Мөнхтогтоход хонгодуулж унасан бол Завханы М.Амарсанаа Хөвсгөлийн Э.Баасанжавд шуудагны барьцнаас мөргүүлж өвдөг шороодсон. Мөн Увс аймгийн начин Л.Энхсаруул Булганы начин Батдоржид мордуулж унасан.

Барилдааны гурвын давааны эхэнд зүүний манлай Архангайн Г.Болдгэрэл Дундговийн С.Дандондовд тахим өгсөн. Мөн Баянхонгорын Г.Жамбалдарж энэ даваанд Архангайн Ц.Отгонбатыг, Архангайн Ө.Дүүрэнбаяр Дундговийн Д.Энхболдыг, Булганы Х.Цогтэрэл сумын заан Г.Бадрахыг тус бүр амалж барилдсан ч дийлэлгүй унав. Энэ давааны төгсгөлд Архангайн аймгийн начин Х.Чинбат сумын заан Н.Ширчинхүүтэй барилдаж сумын зааны даваагаар өндөрлөсөн.

Дөрвийн даваанд Хэнтийн нэмэх начин Д.Аззаяа Хөвсгөлийн А.Мягмаржавтай оноолт таарч хашиж мордуулаад ойролцоо газардсан ч цэцийн шийдвэрээр А.Мягмаржав давсан. Хэнтий сумын заан Д.Алтанцоож энэ даваанд Дундговийн нэмэх начин У.Мөнхчулууныг зайлж хавираад давсан бол Хөвсгөлийн начин Э.Баасанжав Булганы Д.Алтангэрэлийг золгооноос шахаж татаад орхисон. Мөн Говь-Алтайн нэмэх начин Г.Гантулга Дундговийн С.Дашдондовыг мордоод даваагаа ахиулав.

Тавын даваанд Дорнодын нэмэх начин М.Билгүүтэй сумын заан Д.Алтанцоожыг амлаж хавтруулж унасан бол нөгөө нэмэх начин Г.Гантулга сумын заан Г.Бадрахыг амлаад тахимдсан ч мушгиулаад уначихав. Энэ даваанд тунасан Булганы Э.Сумьяабат Хөвсгөлийн сумын заан А.Мягмаржав нарын барилдаан сонирхолтой болж хүч шавхсан барилдаанд начин давсан.

Зургаагийн даваанд Хөвсгөлийн Э.Баасанжав Булганы Э.Сумьяабатыг амлаад алсын сүвээний барьцанд хүрч өргөөд давсан бол тунасан сумын заануудын барилдаан золгооноос шийдэгдэж Г.Бадрах мөргөж дайраад ах цолтнуудынхаа барилдаанд түрүү булаалцалдахаар шалгарав.

Түрүү үзүүрийн барилдаанд аймгийн начин Э.Баасанжав сумын заан Г.Бадрахыг давхар шуудагнаас түрж хөөж, мушгиж давснаар аймаг цэргийн начин цолтнуудын хоёрдох удаагийн барилдааны манлай бөхөөр тодорсон юм.

 

 

О.ДАШНЯМ

                   Х.ХАШИЙМАА

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Сайхан барилддаг залуус олон болж байгаа шүү. Бүгдэд нь амжилт хүсье. 2017-04-03
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?