МСБХ-ний эмэгтэй дээд лигийн тэмцээний нээлтийн тоглолт “Этүгэн Ирвэсүүд” болон “Дорноговь Таван дохио” багуудын хооронд болж 89:72-ын харьцаагаар Ирвэсүүд баг хожлоо.
О.Баярцогт дасгалжуулагчтай “Ирвэсүүд” баг тоглолтын эхнээс олон солилцоо хийж бүтэн талбайн хамгаалалт хийж эсрэг багийнхаа солилцоо багатай сул талыг ашиглаж тоглож байлаа. Эхний хагаст “Таван дохио” багаас холбон тоглогч А.Хулан болон самбарын тоглогч ОУХМ Б.Алтанзаяа нарын сайн тоглолтын ачаар ердөө 2 онооны зөрүүтэй өндөрлөсөн. Харин тоглолтын хоёрдугаар хагаст “Ирвэсүүд” тоглолтын санаачлагийг авсан бөгөөд ээлж дараалласан алсын зайн шидэлтүүд байндаа тусч оноогоор тасарч эхэлсэн. “Таван дохио” багаас урд шугамны гол тоглогчид болох А.Хулан, Баярцэцэг нар амралт багатай тоглож тоглолтын төгсгөлд бага зэрэг ядралттай орсон нь тэдний хожигдлын гол шалтгаан болж байлаа.
Энэ удаагийн тоглолтын шилдгээр спортын мастер М.Булбул 22 оноо 6 самбараас бөмбөг авалт болон 3 удаа оновчтой дамжуулалт гүйцэтгэснээр шалгарчээ.
Эх сурвалж : Sportlife.mn