АНУ-ын Нью-Йорк хотноо 4-р сарын 17-27-нд хэт холын зайн гүйлтийн “Өөрийгөө ялах” нэртэй 10 өдөр, 10 шөнө буюу 240 цаг тасралтгүй үргэлжлэх ДАШТ болно.
Дэлхий нийтэд тэсвэр хатуужлын гүйлт хэмээгддэг 21 дэх удаагийн ДАШТ-д Монгол Улсаас хэт холын зайн гүйлтийн шилдэг таван тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж байна.
Тэднээс хөнгөн атлетик болон уулын спортын мастер Б.Буджаргал дөрөв дэх удаагаа оролцох гэж байгаа юм. Тэрбээр энэ тэмцээнд 2014 онд анх удаа оролцож тавдугаар байр, 2015 онд 10 дугаар байр, 2016 онд дөрөвдүгээр байрт тус тус орж байжээ.
Б.Буджаргал гүйлтийн спортоор 20 гаруй жил хичээллэж байгаа бөгөөд манай улсын хэт холын зайн олон өдрийн гүйлтийн хамгийн шилдэг тамирчин юм. Тэрбээр нэг өдөр буюу 24 цагийн гүйлтийн 2011, 2012, 2013 оны улсын аварга билээ. Ингэхдээ 2013 онд 24 цагт 180 км гүйж улсын дээд амжилт тогтоосон юм.
А.ЦЭРЭНДУЛАМ