Туркийн Анталиа хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд жудо бөхийн “Гран-При” тэмцээн явагдаж өндөрлөлөө. Тэмцээний эхний өдөр манай жудочдоос ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Амартүвшин, Ц.Хулан нар хүрэл медаль хүртээд байсан бол сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 90 кг хүч үзсэн ОУХМ Г.Алтанбагана алтан медалийн болзол хангалаа.
Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж хоёрдугаар тойрогт Арабын нэгдсэн Эмиратын Михайл Марчитайныг хожиж “B” хэсгийн аваргын төлөө Азербайжаны Турал Сафгулиевыг ялсан. Улмаар зооны аваргын төлөө Сербын шилдэг жудоч Кукочыг нэмэлт цагт ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
Алтан медалийн төлөөх хариуцлагатай барилдааныг Тажикстаны Устофириантай хийж цаг дуусахтай зэрэгцэж хөл тавьж өмсөж вазари үнэлгээ авч хожсон юм. Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа барилдаж хүрэл медаль хүртсэн. Тэрээр хүрэл медалийн төлөө Туркийн бөх Каяра Саяитыг ялсан юм. Сонирхуулахад ОУХМ Б.Мөнхтуяа тус тэмцээнд дөрвөн барилдаан хийхдээ бүгдэд Туркийн тамирчидтай өрсөлдсөн байна. Ийнхүү Монголын тамирчид Туркийн “Гран-При” тэмцээнээс нэг алт, таван хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлж багийн дүнгээр тавдугаар байрт шалгарлаа.
О.ДАШНЯМ