МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн улирлын ээлжит тоглолтууд өчигдөр боллоо. Альянс Тех Харцага, Ховд Мон-Алтиус багтай учраа таарав. "Харцага"-ууд эгнээндээ Спрайт супер лигийн шилдэг төвийн тоглогчдын нэг Д.Гантулгыг нэгтгэсэн бол Ховд Мон-Алтиус баг М.Харрисыг нутаг буцаажээ. Тоглолтын эхнээс өнгөрсөн жил Азийн оюутны аварга болсон Харцага-ын Э.Дөлгөөн, О.Цэлмэг, Мон-Алтиус-ын Б.Дархантөгс, А.Гансүх нар ширүүн өрсөлдөж байлаа.
Эхний хагас Харцага баг самбарын тулаанд илт илүүрхэж байсан бөгөөд Э.Дөлгөөн 18 удаа самбараас бөмбөг авсан гайхалтай үзүүлэлт болов. Улмаар хоёрдугаар үе дуусахад Харцага бага зэрэг давамгайлж байсан юм. Эхний хагас Ховд Мон-Алтиус багийн алсын зайн шидэлт орох тун дургүй байлаа. Гуравдугаар үед өрсөлдөөн улам хүчтэй өрнөсөн бөгөөд Б.Дархантөгс багаа довтолгоог удирдаж байв. Улмаар шийдвэрлэх үед Харцага-ын хамгаалалт нягт байж, эцсийн мөчид өрсөлдөгчөө 72:67-оор буулган авлаа.
Ийнхүү Альянс Тех Харцага сүүлийн гурван тоглолтдоо дараалан ялалт байгуулаад байна. Тус тоглолтод Э.Дөлгөөн 16 оноо, 27 удаа самбараас бөмбөг авч нэгэн гайхалтай тоглолтоо үзүүллээ. Мөн Г.Цэнгүүнбаяр 24 оноо, 13 самбар авсан бол Карл Блэйр 14 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, туршлагатай тоглогч Ч.Хүрэлбаатар 14 оноо авсан юм.
Харин Ховд Мон-Алтиус багаас Б.Дархантөгс 17, Брэндон Моррис 16, Сим Кум Бёл 14, А.Гансүх 10 оноо тус тус авчээ. Харцага багаараа 37 хувьтай довтолсон бол Ховд Мон-Алтиус ердөө 28 хувьтай довтолсон аж. Харцага довтолгоонд сайн тоглосноос гадна будагтай талбай, самбарын тулаанд өрсөлдөгчөө илт илүүрхсэн нь 62 самбар авснаас тодхон харагдана. Ховд Мон-Алтиус багийн алсын зайн шидэлтийг 33 удаа гүйцэтгэж, ердөө тавыг нь амжилттай болгосон юм.
Эх сурвалж : МҮСБХ