“Ардчилсан нам”-ын 207 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Бямба гарагт “Монгол бөх”-ийн өргөөнд явагдлаа. Энэ барилдаанд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын арслан Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва нараар манлайлуулсан 224 бөх зодоглосон юм.
Барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат улсын харцага Ө.Бат-Орших түрүүлж, Увс аймгийн Ховд сумын харьяат улсын арслан Н.Батсуурь үзүүрлэсэн. Их шөвөгт Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын аварга С.Мөнхбат, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Э.Оюунболд нар шалгарсан.
Барилдааны нэгийн даваанд улсын харцага Д.Батболд, улсын начин Д.Цогзолдож нар өвдөг шороодсон юм. Энэ өдөр дээгүүр барилдах тааварт байсан улсын арслан П.Бүрэнтөгс гурвын даваанд улсын начин ш.Тогтохбаярыг амлаж барилдаад давхар ачуулж унасан бол улсын арслан Р.Пүрэвдагва дөрвийн даваанд аймгийн хурц арслан Н.Золбоод мордуулж өвдөг шороодсон.
Мөн аймгийн цолтнуудаас Булган аймгийн Орхон сумын харьяат аймгийн заан Б.Түмэндэмбэрэл сайн барилдаж улсын начин Ч.Батчулуунаар 2, аймгийн арслан Ш.Пүрэвгардиар 3(тунаж) даваад улсын аварга С.Мөнхбаттай сайн барилдаж өвдөг шороодсон. Мөн Төв аймгийн Баянчандмань сумын харьяат аймгийн арслан Э.Ууганбаяр энэ өдөр 3 давж 4-ийн даваанд улсын арслан Н.Батсуурьтай барилдаж давсан ч хөлийн цэц улсын начин Болдбаатарын шийдвэрээр дахиж барилдаж өвдөг шороодсон. Энэ барилдааны бай бусад барилдаануудтай харьцуулахад өндөр байсан бөгөөд түрүү бөх 5 сая төгрөгөөр шагнуулсан юм.
О.ДАШНЯМ