NBA-ын домогт тамирчин Оскар Робертсоны 1961-1962 оны улиралд 41 удаа трибл дабл гүйцэтгэж байсан амжилтыг 55 жилийн дараа “Оклахома Сити Тандер” багийн холбон тоглогч Рассэлл Уэстбрүүк эвдлээ. Тэрээр “Денвер Наггетс” багийн эсрэг хийсэн тоглолтондоо 50 оноо, 16 самбар, 10 оновчтой дамжуулалт гүйцэтгэж 42 дох трибл даблаа хийсэн байна. Тус тоглолт эхнээсээ өрсөлдөөнтэй явагдсан бөгөөд “Денвер Наггетс” хожигдсон тохиолдолд плэй оффын өрсөлдөөнөөс хасагдах эрсдэлтэй байсан юм. Тоглолтын сүүлийн мөчид Рассел Уэстбрүүк гурван онооны шидэлтийг амжилттай гүйцэтгэж баг нь 106:105-аар хожсон байна. Улмаар “Денвер Наггетс” 42 дох хожигдлоо хүлээсэн бол “Оклахома сити Тандер” плэй оффын эхний шатанд “Хюстэн Рокэтс” багтай учраа таарлаа.