Дэлхийн хамгийн алдартай, хамгийн өндөр цалинтай дасгалжуулагчид Английн премьер лигт ажилладаг. Жозе Моурино, Пеп Гвардиолла, Конти, Клопп, Арсен Венгер нар бол английн премьер лигт эхний 6-д яваа багуудыг удирдаж буй чадварлаг менежерүүд. Өөр хоорондоо зан чанар, арга барилын хувьд ялгаатай.
Пеп Гвардиолла Манчестер Ситиг эхний жилдээ дасгалжуулж буй. Тэр хамгийн өндөр цалин авдаг. Гараагаа сайн эхэлж, хүснэгтийг нэг хэсэг хугацаанд тэргүүлж байсан ч 10 тоглолт дараалан нэг ч хожил авч чадаагүй нь тэргүүлэх байр сууриа алдахад хүргэсэн. Манчестер Сити 31 тоглолтын дараа 61 оноотойгоор хүснэгтийн 4-д бичигдэж буй. Нэг тоглолт илүү хийсэн 63 оноотой Ливерпүүлийг гүйцэж түрүүлэх боломж бий. Гэхдээ Ливерпүүлээс гадна ард нь нэхэж хүснэгтийн 5-д 57 оноотойгоор жагсаж ирсэн Манчестер Юнайтед тэдэнд давхар аюул тарих болсон. Тэд Ливерпүүлээс 2, Манчестер Ситигээс 1 тоглолт дутуу. Хэрвээ ойрын 2 тоглолтоо тэд хожигдох аваас Манчестер Юнайтед урд нь ч гишгэх боломж бий болсон байна. Манчестер Ситигийн хувьд довтолгоо нь нэг болж өгөхгүй байгаагаас гадна, хамгийн эмзэг хэсэг нь хаалгач, хамгаалалт болсон. Тоглолт бүрт энгийн гоол алдах болсон нь багийн амжилтыг хойш нь татаж буй.
Контигийн хувьд Челси эрчтэй яваа. Энэ эрчээрээ явбал аварга болох магадлал өндөр. Анхны жилдээ л багаа аваргын тавцанд гаргах найдлага өвөртлөн явна гэж хэлж болно, Контигийн тухайд. Харин Клоппийн тухайд донсолгоо ихтэй, эзэнтэйгээ адил. Баг нь хэнийг ч хожих, хэнд ч хожигдох. Тиймээс тогтвортой байр сууриа удаан хадгалж чадахгүй байгаа. Арсеналын хувьд суусан. Арсен Венгэр шүүмжлэлд өртсөн. Харин Тоттенхамын хувьд чимээгүй боловч, 2-р байраа тогтвортой хадгалсан найдвартай тоглолт үзүүлж буй. Тэгэхээр 3-р байрны төлөө Жозе, Пеп, Клоппын хэнийх нь баг орох нь сонирхол татаж байна. Английн хөлбөмбөг Испанийн Ла Лигийн адил сонирхолтой, өрсөлдөөнтэй, үзүүштэй болсон нь эдгээр дасгалжуулагчидтай холбоотой ажээ.