Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн аваргуудын лигийн шилдэг найман багийн тулаан өнгөрсөн шөнө эхэллээ. Энэ өдөр Испаний “Барселона” Италийн Турин хотын баг “Ювентус”-ын талбайд зочилж 3:0-ээр хожигдол хүлээлээ.
Тоглолтын эхний гоолыг Аргентин довтлогч Дибала 7 дох минутанд оруулсан бол 22 дох минутанд дахин нэг гоол оруулж дубль хийсэн юм. Хоёрдугаар хагаст Италийн багаас хамгаалагч Челлени “Барселона”-ийн хаалганд гоолдож тоглолтыг өндөрлүүлсэн байна.
Ийнхүү шигшээ 16-нд “ПСЖ” багийн эсрэг “гайхамшиг бүтээж” 6:1-ээр хожиж шилдэг наймд шалгарсан Месси, Суарез нараар ахлуулсан Барселоначууд дахиад л хүнд даалгавартай гэртээ харьж байна. Тэд хийгүй нягт хамгаалалтаараа гайхагддаг Италийн “Ювентус”-ыг 4 гоолын илүүгээр хожиж аялалаа үргэлжлүүлж чадах болов уу. Хоёр багийн хариу тоглолт 14 хоногийн дараа “Барселона”-ийн талбай “Камп Ноу”-д болно.
Энэ шатны өөр нэг тоглолт Францын “Монака”, Германы “Бориусса Дортмунд” багуудын хооронд явагдах байсан ч “Бориусса Дортмунд”-ын тамирчдын сууж явсан автобус дэлбэрэлтэд өртөж хойшилсон юм. Дэлбэрэлтийн үеэр тамирчдын амь нас хохироогүй бөгөөд хамгаалагч Марк Бартра эмнэлэгт хүргэгэдсэн байна. Тоглолт өнөөдрийн 12:45 минутаас явагдана.