Сайн баг гэдэг чадвартай тоглогчоос хамааралтай гэдгийг Кристиано Роналдо үзүүлсээр. 32 настай, хамгийн өндөр цалин, хамгийн их орлоготой хөлбөмбөгчин. Гэхдээ хамгийн өгөөмөр гэж түүнийг нэрлэдэг.
16 машинтай, нэг машин нь л гэхэд 1 сая ам.долларын үнэтэй. Тэр өнгөрсөн жил шигшээ багаа Европын аварга болгосон. Реал Мадрид багийг Аваргуудын лигийн аваргын цом өргөх, Испанийн Ла Лигийн аварга болгосон. Тэгвэл энэ жил Аваргуудын Лигийн аваргаа хамгаалахад мөн ойртлоо. Шигшээ 8-ын тоглолтод германы хүчирхэг машин, дийлдэшгүй хэмээх Байер Мюнхен багийг талбай дээр нь 2:1-ээр хожив.
Хожлын 2 гоолыг тоглолтын 2-р үед, дэлхийн хамгийн шилдэг хаалгач Ноейрын хаалганд Роналдо хийлээ. Тэр Европын Лиг дэх 99, 100 дахь түүхэн гоолыг дэлхийн хамгийн шилдэг баг Байер Мюнхен, дэлхийн хамгийн шилдэг хаалгачийн хаалганд зоолоо. Түүний 2 гоолын ачаар Реал Мадрид баг шигшээ 4-д үлдэх болзлоо эрс дээшлүүлж чадлаа гэж хөлбөмбөгийн мэргэжилтнүүд дүгнэж байна.
Байер Мюнхений хувьд 22 дахь минутанд Видалийн цохилтоор гоолдож 1:0 харьцаагаар тэргүүлж эхэлсэн. Тэд 2:0 болох боломж байсан. Торгуулийн талбайд Риберийг унагасны төлөө шүүгч 11 метрийн цохилтыг 1-р үеийн төгсгөлд заасан. Торгуулийн 11 метрийн цохилтыг Видал алдаж цохисноор Байерны хожил эргэсэн гэж болно.
Ийнхүү өмнөх тоглолтдоо Наполи багийг нутагт нь 3:1 хожиж байсан Реал Мадрид баг энэ удаа Байер Мюнхен багийг нутагт нь 2:1 -ээр хожиж ээлжит ялалтаа байгууллаа. Реал Мадрид баг нутагтаа хожигдож үзээгүй гэж бодохоор Байер Мюнхений тоглолт дуусжээ гэж таамаглаж болох нь. Гэхдээ гайхамшиг гэж байдгийг бас үгүйсгэж болохгүй.