Монголын ширээний теннисний Холбооноос санаачлан MONGOLIA-CUP ширээний теннисний олон улсын тэмцээнийг энэ сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнд Хятад, Орос, Солонгос, Польш, Чех зэрэг 10 гаруй орны тамирчид оролцох мэдүүлгээ ирүүлсэн гэж тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Галбадрах сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэмцээн энэ сарын 22-ны өдөр Спортын ордонд эхлэх юм байна. Тэмцээнд өсвөрийн шилдэг тамирчдаа оруулах болсноо МШТХ-ноос мэдээлэв. Монголын өсвөрийн шигшээ багийн тамирчид Азийн АШТ-ээс ирэнгүүтээ тэмцээндээ оролцохоор цаг хугацааг нь зохицуулсан юм байна. Гадаадын тамирчдын түрүүч нь энэ сарын 19-нд ирнэ. Тэд Залуучууд зочид буудалд байрлах юм байна. Холбооны зүгээс тэмцээн хийхтэй уйлдуулан БНХАУ-аас 10 ширээ, зориулалтын шал, бөмбөгийг авчирснаас гадна, Спортын ордны гэрлийг иж бүрнээр нь шинэчилсэн байна. Зөвхөн Спортын ордны гэрлийг бүрэн шинэчлэхэд 60 сая төгрөгний хөрөнгө оруулалтыг МШТХ-ноос хийсэн юм байна. Энэхүү хөрөнгө оруулалт нь төрд үлдэх юм байна. Энэхүү олон улсын тэмцээнийг МШТХ-ны ерөнхийлөгч агсан О.Чулуунбатын нэрэмжит болгосон юм байна. Тэмцээнийг Төмөрт Транс, Бласт зэрэг спортод элэгтэй олон компани ивээн тэтгэсэн байна.