НӨХӨН ҮРЖИХҮЙН ТУСЛАМЖ, ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫГ САЙЖРУУЛНА

2017-04-14  

“Нөхөн үржихүйн тусламж, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах,төрөлхийн тэмбүүг бууруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх” үндэсний хэмжээний уулзалт, сургалт болж байна. “Нөхөн үржихүйн тусламж, жирэмсний хяналтын чанарыг сайжруулах, төрөлхийн тэмбүүг бууруулах, бүр цаашилбал төрөлхийн  тэмбүүг тэглэх, “Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг эрчимжүүлэх” асуудлаар санал бодлоо солилцон, харилцан ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гаргах зорилготой уулзалтанд аймаг нийслэл, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн удирдах ажилтнууд,Мэргэжилтнүүд, бэлгийн замаар дамжих халдварын асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг хүмүүс оролцож байна.

Уулалтанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат: Бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд бодитой хувь нэмэр оруулж байгаа хэдий ч жирэмсний хяналтын тусламж, үйлчилгээ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээ өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа зэрэг тулгамдаж байгаа олон асуудлууд байна. Жирэмсний хяналтын чанарыг харуулах чухал үзүүлэлтийн нэг болох төрөлхийн тэмбүүгийн тохиолдол гарсаар байна. 2013-2015 онд төрөлхийн тэмбүү өвчтэй 108 хүүхэд төрснөөс 36 нь төрөлхийн тэмбүү өвчний улмаас эндсэн байна. 2015 онд төрөлхийн тэмбүү өвчтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн 80.7 хувь нь жирэмсний хяналтад бүрэн хамрагдаагүй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 3 сарын байдлаар  төрөлхийн тэмбүүгийн 13 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүнээс төрөлхийн тэмбүү оноштой  2 нярай нас барсан, 1 амьгүй төрсөн байна. Эдгээр 13 тохиолдолд дүн шинжилгээ хийж үзэхэд төрсөн эхчүүдийн 9 нь жирэмсний хяналтад хамрагдсан, 4 нь  хяналтад хамрагдаагүй бөгөөд жирэмсний хяналтанд хамрагдсан 9 тохиолдлоос  тэмбүү илрүүлэх ийлдэс судлалын шинжилгээнд 7 нь хамрагдсан, үүнээс хугацаандаа бүрэн буюу 2 удаа хамрагдсан жирэмсэн эх байхгүй байна. 2014 оны тандалтын судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн халдварын тархалт 5.2 хувьтай, төрөлхийн тэмбүү  2014 онд 10000 хүн амд 0.1, 2015 онд 0.2 промиль болж өссөн байна.

Сүүлийн 5 жилд эндсэн 152 эхийн жирэмсний хяналтын байдлыг авч үзвэл 20.4 хувь нь хяналтад огт ороогүй байна.  2016 онд жирэмсэн 15 эх эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас эндсэн нь  жирэмснийг эрт илрүүлээгүй, эх жирэмснээ үргэлжлүүлж тээж чадах эсэхийг зөв үнэлж чадаагүй, хяналтын чанар сул байсантай холбоотой байна. Өсвөр үе, залуучуудын нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол хангалтгүй байна. Бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөгсдийн 42 хувийг 15-24 насны залуучууд эзэлж, ХДХВ/ДОХ-ын талаар цогц мэдлэгтэй залуучуудын эзлэх хувь эрэгтэйчүүдийн дунд ердөө 20.7 хувь, эмэгтэйчүүдийн дунд 22.8 хувь байна. Иймд нөхөн үржихүйн (эсэн мэнд амаржихуй) эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бэлгийн замын халдварт өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг уялдуулах, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг онцлон хэллээ.

Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, 2017 онд батлагдсан Эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэнд үндэсний хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх сэргийлэх үндэсний хөтөлбөр зэрэг холбогдох бодлого, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хэрхэн хангах, нөхөн үржихүйн  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон бэлгийн замын халдварт өвчний үед үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг уялдуулах, эрчимжүүлэх салбар дундын хамтын ажиллагаагаа хэрхэн сайжруулах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.

 

ЭХ СУРВАЛЖ:ЭМЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
medee :saihan medee baina 2017-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?