Олимп, дэлхийн аварга Дин Нинг шигшээ 8-ын тоглолтод ялагдана хэмээн хэн ч санаагүй. Дэлхийн хамгийн залуу аварга энэ өдөр 17 нас хүрч байлаа. Хирано охины төрсөн өдөр. Тоглолт ном ёсоороо л эхэлсэн. 1:0, 2:0 гээд л Дин Нингийн хошуучлалт давамгайлал дор тоглолт өрнөсөн. 3:0-ээр дуусах нь гэж төсөөлж байтал тоглолт эргэх нь тэр. 3 дахь тоглолтыг 11:9-ээр Хирано хожив. 4 дэх тоглолтыг 5:0 оноогоор хошуучилж ялалтад хүргэчихэв. Тэгээд шийдвэрлэх 5 дахь тоглолт гарав. Тооны харьцаа 10:8 Хирано охин хожиход ганц л оноо үлдсэн байсан Дин Нинг оноог тэнцүүлж 10:10 болгож чадсан. Зааланд ёстой ялаа ниссэн ч сонсогдохоор нам гүм болов. Хятадад тэмцээн болж байдаг, хятадууд зааланд дүүрэн байдаг. Гэтэл нам гүм болов. Бүгд зүрхээ даран чагнаж эхлэв.
Гэтэл Хирано охин өөрийнхээ төрсөн өдөртөө өөрөө бэлэг барьж дахин 2 оноо дараалан авч Дин Нинг өрсөлдөөнөөс мулталж, медальгүй үлдээлээ. Ийм юм болно чинээ хятадын дэмжигчид санасангүй. Ядаж байхад олимп, дэлхийн аварга, дэлхийн 1 номерийн теннисчин Ма Лонг ч гэсэн шилдэг 16-д ч шалгарч чадалгүй тэмцээнийг орхисон. Ийм л өрсөлдөөнтэй тэмцээн шувтарга руугаа ойртож байна.