Дундговь аймгийн Хулд сумын харьяат аймгийн хурцарслан Норовын Дашжамцын нэрэмжит Дундговь аймгаас төрж гарсан аймгийн арслан цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх аймаг цэргийн цолтнуудын барилдаан Ням гарагт “Монгол бөхийн өргөө”-нд явагдлаа. Аймгийн хурц арслан Б.Номиндалай, Ш.Мөнгөнбаатар, Д.Цэвэлсодном, Б.Батжаргал нараар манлайлуусан 256 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Ц.Мөнхбаяр үзүүрлэлээ.
Их шөвөгт Дундговь аймгийн Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан Т.Занданбат, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн арслан Б.Даваа-Очир нар шалгарсан юм. Энэхүү барилдаанд их шөвөгт шалгарсан аймгийн арслан Т.Занданбат барилдааны дөрвийн даваанд монгол бөхөд сүүлийн үед ховордож буй дүүгүүрдэх мэхээр аймгийн заан Э.Даваажаргалыг давж өргөөнд цугласан Дундговь нутгийн түмнээ баярлуулсан.
Энэ барилдааны зүүний магнай Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Номиндалай хоёрын даваанд Увс аймгийн сумын заан Т.Батсүрэнд сугадуулж мушгиулаад унасан бол Булган аймгийн хурц арслан Ө.Сүхбат энэ даваанд завхан аймгийн сумын заан М.Лхагвагэрэлд өвдөг шороодсон.
Өнөөдрийн барилдаанд аймгийн начин цолтойдоо “Баянзүрх хайрханы хишиг” барилдаанд түрүүлж шуугиан тарьж байсан Увс аймгийн заан Л.Цээсүрэн сайн барилдаж аймгийн арслан М.Бадарчаар тав давж түрүү бөх Ш.Мөнгөнбаатарт тахим өгсөн. Мөн Архангай аймгийн Хайрхан сумын харьяат аймгийн начин О.Мөнх-Эрдэнэ хурц арслан Г.Ганнямаар дөрөв, аймгийн арслан Д.Тогтохжаргалаар тав даваад аймгийн арслан Б.Даваа-Очирт мордуулж унасан юм.
Сүүлийн үед Булган аймгаас аймгийн заан Б.Түмэндэмбэрэл сайн барилдаж байгаа бол энэ өдөр Булган нутгийн өөр нэг заан сайн барилдсан нь Улсын өсөх идэр начин Э.Энхбатын дүү Энх-Амгалан байлаа. Тэрээр Хэнтий аймгийн арслан Б.Хадбаатараар дөрөв, аймгийн арслан М.Эркебуланаар 5 давсан юм.