Германы нийслэл Берлин хотноо болсон FIBA EASTER CUP MOABIT тэмцээн энэ сарын 13-17-нд боллоо. Тус тэмцээнд Монголын өсвөрийн сагсан бөмбөгийн U14 насны шигшээ багийн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй баг оролцон, арвин амжилт үзүүллээ.
Тус тэмцээний хөвгүүдийн U-14 насны ангилалд өрсөлдсөн Г.Ундрах дасгалжуулагчтай баг хүрлийн төлөө Литва улсын багийг 49:39-өөр хожин медалийн тавцанд зогсжээ. Тэд мөн тэмцээний зохион байгуулагчдын хүсэлтээр U-15 ангилалд дэвшин тоглож, мөнгөн медаль хүртлээ.
Аваргын төлөө манай хөвгүүд Литва улсын багтай ширүүн өрсөлдөж, 33:26-гаар дийлдсэн юм. Манай баг ийнхүү тус тэмцээн хос медаль хүртлээ. Харин хөвгүүдийн U-14 ангилалд тоглосон Д.Лхагваа, Ж.Мөнхтөгс дасгалжуулагчтай манай нэгдүгээр баг мөнгөн медаль хүртлээ. Тэд Германы багтай финалд учраа таарч, 40:33-аар ялагдсан юм. Ийнхүү Германыг зорьсон Монголын ирээдүй болсон сагсан бөмбөгчид гайхалтай амжилт үзүүлэн буурал тивийн дэвжээнд ур чадвараа гайхуулсаар хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэв.
Эх сурвалж : МҮСБХ