Боксын насанд хүрэгчдийн энэ оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны Ташкент хотноо 8 өдрийн турш үргэлжилж тэмцээний аваргууд Ням гарагт тодорлоо. 49кг-ын жинд тулалдсан ОУХМ Г.Ган-Эрдэнэ анх удаагаа тивийнхээ аваргад финалдаж Рио-2016 олимпийн наадмын алтан медальт Узбекстаны Хасанбой Дусматовт 5:0-ээр хожигдож мөнгөн медаль хүртлээ. Энэ нь түүний Азийн аваргаас хүртэж буй хоёрдох медаль нь бөгөөд 2015 онд хүрэл медаль зүүж байсан.
64кг-д армийн дэлхийн аварга ОУХМ Б.Чинзориг алтан медалийн төлөө тэмцээнийг зохион байгуулагч орны тамирчин Холдаров Ихболжонтой тулалдаж мөн л 5:0-ээр хожигдож мөнгөн медалийн эзэн боллоо. Энэ түүний Азийн аваргаас авч буй анхны медаль нь юм. Мөн энэ удаагийн тивийн аваргаас 60кг-д тулалдсан МУГТ Д.Отгондалай, 69кг-д ОУХМ Б.Түвшинбат нар хүрэл медаль хүртэж энэ оны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсан билээ.
О.ДАШНЯМ