Монголын Үндэсний бөхийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх Улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан ирэх Нам гарагт болно.
Энэ удаагийн барилдааныг “Алтан жолоо” группийн 25 жилийн ойтой хамтатган зохион байгуулж байгаа юм. Тус барилдаанд одоогийн байдлаар П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын өнөө цагийн шилдэг арслангууд зодоглохоо мэдэгдээд байна.
Барилдааны түрүү бөх 5 сая төгрөгийн бай гардах бол үзүүр бөх 3 саяын шагналын сантай. Өнгөрсөн жилийн тус барилдаанд улсын залуу арслан Э.Оюунболд түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэж байсан билээ. Мөн Бямба гарагт МҮБХ-оос сар тутам зохион байгуулдаг сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан бөхийн өргөөнд болох хуваарьтай байна.
О.ДАШНЯМ