Үндэсний сагсан бөмбөгийн холбооны плэй-оффын хоёрдугаар шатны сүүлийн тоглолт явагдлаа. Энэ өдөр бүсээ амжилтаараа тэргүүлж улирлыг өндөрлүүлсэн “Бостон Селтикс” талбайдаа “Вашингтон Уизардс” багтай цувралыг шийдэх долоо дох тоглолтыг хийсэн юм.
Тоглолтын эхнээсээ л ширүүн өрсөлдөөнтэй болж хагас 55-53 харьцаагаар нийслэлийн баг тэргүүлсэн. Тэднээс эхний хагасд Бредли Бил, Отто Портер нар сайн тоглолт үзүүлсэн. Харин гуравдугаар үед Бостон Ал Хорфордын шилдэг тоглолтын ачаар онооны зөрүүг нөхөж дөрвөн онооны илүүгээр өндөрлүүлсэн. Шийдвэрлэх үед онооны зөрүүг Бостон хадгалж чадсанаар 105-115 харьцаагаар долоо дахь тоглолтод хожлоо.
Тоглолтод Азиа Томас 29 оноо, 12 дамжуулалтыг өгч багаа тэргүүлсэн бол төвийн тоглогч Келли Олиник 26 оноо, Ал Хорфард 15 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Бредли Бийл 38 оноо, Отто Портер 20 оноо, 10 самбар, Жон Уолл 18 оноогоо авсан. Ингэснээр Бостон дорнод бүсийн аваргын төлөө өнгөрсөн улирлын аварга “Клевлэнд Кавалерс” багтай тулхаар боллоо. Цувралын эхний тоглолт энэ сарын 18-нд явагдана.
О.ДАШНЯМ