УЛСЫН ХАРЦАГА Н.ЖАРГАЛБАЯРЫН АНХНЫ ТҮРҮҮ

2017-05-22  

Улсын харцага Н.Жаргалбаярын анхны түрүү Баянхонгор аймгийн харьяат улсын арслан П.Аюушийн нэрэмжит улс аймгийн алдар цолтой бөхийн барилдаан Бямба гарагт Монгол бөхийн өргөөнд явагдлаа.

Барилдаанд улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, улсын заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан нараар ахлуусан 256 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Д.Нэгдлийн хүү улсын харцага Н.Жаргалбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат аймгийн хурц арслан Н.Золбоо үзүүрлэсэн. Их шөвөгт Ховд аймгийн зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат улсын начин Б.Сангисүрэн нар шалгарсан юм.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Архангай аймгийн сумын заан Ганбаатар улсын начин Д.Цогзолдоржийг, сумын заан С.Майнбаяр улсын начин Л.Гантулгыг тус бүр өвдөг шороодуулсан. Харин давааны эхэнд Архангай аймгийн сумын заан Б.Батсайхан улсын арслан Н.Батсуурийг хүчийг нь дагуулж мушгиад давсан бол Хөвсгөл аймгийн начин Э.Өлзийсайхан улсын харцага А.Цацавширийг сугадаж мушгиад даваа авсан. А.Цацавшир харцага аймгийн начин Э.Өлзийсайханд хоёрдох удаагаа унаж буй нь энэ бөгөөд өнгөрсөн оны “Богд Хан”-ы хишиг барилдааны гурвын даваанд амлаж барилдаад дийлээгүй. 

Энэ өдөр ойрд барилдаагүй Увс аймгийн начин Б.Насандэлгэр ирж барилдаж аймгийн начин Б.Чинбат, аймгийн начин Э.Өлзийсайхан нарыг хоёр гурвын даваанд хаяж сайн барилдсан. Мөн барилдааны гурвын даваанд Сэлэнгэ аймгийн харьяат улсын начин Б.Дэлгэрсайхан аймгийн арслан М.Бадарчийг амлаж давхар хамж, улсын начин Ч.Хөхчирэнгэр аймгийн арслан О.Хангайг амлаж тохоход нь зөрүүлж дараад давсан барилдаанууд үзэгчдийн анхаарлыг татсан юм.

Энэ барилдаанд дээгүүр барилдах тааварт байсан улсын заан Б.Батмөнх барилдааны дөрвийн даваанд аймгийн харцага Ц.Адьяад баруун мордуулж унасан бол улсын заан Б.Пүрэвсайхан тавын даваанд аймгийн арслан Ш.Пүрэвгарьдыг хавьрихдаа тахимдуулж унасан.

 

 

О.ДАШНЯМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?