Испанийн “Ла лиг”-ийн энэ улирлын аваргаар “Реал Мадрид” клуб 33 дах удаагаа шалгарлаа. Тэд энэ тойрогт “Малага”-гийн талбайд зочилж, 2:0-ээр хожил авснаар 93 оноотой болж түрүүлж байгаа юм. Тоглолтын 2 дахь минутад Роналдо гоолдсон бол, Бензема 55 дахь минутад нэгийг нэмж оруулсан.
“Реал”-ын хувьд 2011-2012 оны улирлаас хойш улсынхаа лигт түрүүлж чадаагүй байсан бөгөөд таван жилийн дараа аваргын цомоо эргүүлэн авч байна. Тэдний гол өрсөлдөгч каталоны “Барселона” клуб 38 дугаар тойрогт талбайдаа “Эйбар”-ыг хүлээж авч 4:2-оор хожиж дэд байрт шалгарсан.
Ла лигийн удаах байруудад “Атлетико” 78 оноотой гурав, “Севилья” 72 оноотой дөрөвдүгээр байрт шалгарч, Аваргуудын лигийн эрх авсан юм. Харин “Гранада”, “Осасуна”, “Спортинг Хихон” нар сүүл мушгиж ирэх улиралд доод лигт хүч үзэхээр болжээ. Энэ улирлын “мэргэн бууч”аар Лионел Месси 37 гоолтойгоор шалгарсан бол, Лиус Суарез 29 гоолтойгоор, Роналдо 25 гоолтойгоор удаалсан байна.