ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТАН, СУДЛААЧДАД МУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2017-12-13  

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит 2017 оны шагнал гардуулав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтнаар энэ удаа  Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал, ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж нар тодорлоо.

Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, доктор Гүржавын Өлзийжаргал Монгол Улсад анх удаа олон эмэнд тэсвэртэй сүрьеэ өвчний үүсгэгдэх хэв шинж, халдварын тархалтын хэлбэр, онцлогийг тодорхойлж, сүрьеэ өвчнийг молекул, биологийн түвшинд оношлох шинэ аргыг эх орондоо төдийгүй олон улсад нэвтрүүлэх боломжийг бүрдүүлэн , өвчнийг эрт илрүүлэх, тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх шинжлэх ухааны үндэслэлтэй гарц, шийдлийг санал болгосон “Монгол Улсад анх эмэнд тэсвэртэй сүрьеэ нэгдүгээр эгнээний бүх эмэнд тэсвэртэй бээжин хэв шинжийн М.TUBERCULOSIS-ээр үүсгэгдсэн дүн” сэдэвт судалгааны бүтээл туурвин Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэн болов.

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Энхнарангийн Уянга орчин үеийн физикийн шинжлэх ухаан, материал судлал, эрчим хүчний салбрт чухал ач холбогдолтой “Устөрөгчит энергийн үүсгүүрт ашиглах ниоби хольцолсон титаны оксидын суурт бүхий цагаан алтан катализатор нэгдлийн бүтэц, шинж чанарын судалгаа” сэдэвт бүтээлээр цахилгаан дамжуулал сайн, өндөр температурт тогтвортой, каталик идэвх өндөр, хямд үнэтэй, зэврэлд тэсвэртэй анатаз фаз бүхий катализаторын материалыг синтезлэн гарган авч, уг арга технологийг өөрийн хүрээлэнгийн лабораторийн нөхцөлд тохируулан нутагшуулж Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ.

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Батцэнгэлийн Нацагдорж Монголын түүхэнд холбогдох шинэ сурвалж бичиг, эх хэрэглэгдэхүүнийг олж илрүүлэн, судалгааны эргэлтэд оруулж, орос, монгол, манж хэл дээрх архивын баримтыг цогц байдлаар хамруулан судалсан, өмнөх үеийн судлаачдын алдаа эндэгдлийг засаж залруулах, шинэ санал дэвшүүлэх давуу талтай “ХVII зууны Монгол-Оросын харилцаан дахь харьяатын асуудал” сэдэвт Монголын түүхийн судалгааны сурвалж хэрэглэгдэхүүнийг өргөжүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан судалгааны ажил гүйцэтгэсэн тул Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардан авав.

Шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ:

“Жил бүр уламжлал болгон олгодог Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын 2017 оны шагналыг гардуулах энэ мөчид уг шагналын утга агуулга, зорилгыг товч сануулахыг хүсч байна.

Өнөө цагт нийгмийн амьдралын бүхий л салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлага чухлаар шаардагдах болсон. Залуу үе маань эрдэм шинжилгээ, судалгааны хүнд, хатуужил шаардсан ажилд бие сэтгэлээ зориулж, юмс үзэгдлийн учир шалтгааныг нээн илрүүлэхээр тогтвортой, шаргуу ажиллаж байгааг Төрөөс байнга анхаарч, урамшуулж байх учиртай. Шинэлэг бүхнийг урмаар тэтгэж, хийсэн судалгаа шинжилгээг нь олны анхааралд оруулж байвал амьдралд нэвтрэх, нийгмээс дэмжлэг авахад нь дөхөмтэй, тустай байх болно.

Шилдэг залуу эрдэм шинжилгээний ажилтан, судлаачдын оны шагналаар дамжуулан шинжлэх ухаан, судалгааны салбарт ажиллаж байгаа залуу эрдэмтэн, судлаачдыг амжилтад уриалах нь энэ арга хэмжээний үндсэн утга учир юм.

Та бүхэнд баяр хүргэж, цаашдын судлагаа, шинжилгээний ажилд тань амжилт хүсье. Улам шинэлэг санааг эрэлхийлж ажиллахыг хүсье. Баярлалаа” гэлээ.



Мэдээний дүрсийг доорх хаягаар үзнэ үү

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
"ТҮМНИЙ-76"-Г ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ТОДРУУЛАХ НЬ ЗӨВ ҮҮ ?