А.БАЯСГАЛАН : МОНГОЛЫН БАГ АМЕРИКИЙН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭГ ХЯЛБАРХАН ХОЖДОГ БАЙСАН

2018-02-12  

Монголын волейболын холбооны бодлого хариуцсан дарга А.Баясгалантай ярилцлаа.

-Монголд волейболын спорт хэзээнээс хөгжиж эхэлсэн бэ?

-Волейболын спорт Монголд хувьсгалын дараа 1927 онд орж ирсэн л дээ. Тэр үед Эрхүү хотод ажилчдын дамжаанд суралцаж байсан оюутнууд нэг тор, хоёр бөмбөг оруулж ирж волейболын спортын суурийг тавьж байсан юм байна лээ. Үүнийг нь Эвлэлийн төв хороо дэмжиж Монголд дэлгэрсэн спорт юм.

-Монголын  шигшээ баг хэзээ байгуулагдаж олон улсын тэмцээнд орж эхэлсэн бэ?

-1950-иад оны үед Монголын шигшээ багийн суурь тавигдсан. Энэ баг маань 1960 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох бололцоотой болж Ардчилсан Солонгосоос багш авчирч бэлтгэлээ хангаж байсан. Улмаар 1970 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 24 багаас 16-нд шалгарсан. Энэ тэмцээн дээр АНУ-ын шигшээг манай багийнхан зоволгүй хожиж том амжилт бүтээж байсан юм шүү. Тэр 1970 онд суурь тавигдаж байсан Америкийн баг хожим 1980 онд Дэлхийн аварга, 1988 олимпийн аварга болж байсан. Харамсалтай нь өндөр амжилт үзүүлээд ирэхэд нь медаль хүртсэнгүй гээд тогтоол гаргаад тараачихсан. Үүнээс шалтгаалж л олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болж байсан даа.

-Энэ спортын онцлог давуу тал?

-Волейбол номон дээрээс дүрмийг нь уншихад зүгээр нэг торон дээгүүр бөмбөг давуулж  харилцдаг л тоглоом. Ийм энгийн спорт яагаад хөгжөөд, нийтэд дэлгэрээд  байгааг нь судлаад үзэхэд хүмүүсийг  хооронд нэгтгэж  байгаа нь анзаарагддаг. Нэг нэгэндээ тусалж хамтдаа зүтгэж ялалт олдог чанар нь хүмүүсийг их татдаг. Нөгөө талаас нь харахад сагсан бөмбөг, хөлбөмбөг зэргийг бодвол бэртэл гэмтэлд өртөх нь бага. Өөрөөр хэлбэл соёлтой тоглоом юм даа. Волейбол тоглож байгаа хүмүүс хоорондоо хэрэлдээд уралдаад байдаггүй.

-Волейбол монгол хүний биеийн онцлогт хэр тохиромжтой спорт вэ?

-Монгол, Вьетнам, Япон, Хятад ямар ч үндэстэн бай хичээллэхэд амжилт гаргах боломж байдаг. Дэлхий даяар тархсан спорт юм даа. Нуруу өндөр бол том давуу тал болно. Сүүлийн үед манай өсвөр үеийнхний маань нуруу өндөр болжээ. Үүнийг дагаад волейболын спортыг сонгож хичээллэх хүүхэд залуусын тоо эрс олширч байна. Шигшээ баг бүрдүүлээд Азийн тоглолтод оролцоход нурууны өндрөөрөө эхний тавд орж байсан. Багийн бүх гишүүд 190 см-ээс дээш өндөртэй байсан. Ийм материалтай залуучуудыг дэмжээд бэлтгэл хийх нөхцөл боломжоор хангаад өгөхөд олон улсын хэмжээнд өндөр амжилт гаргах боломж нээлттэй байгаа.  

 

-Хүүхдийг хэдэн наснаас нь эхэлж волейболын спортоор хичээллүүлбэл үр дүнтэй вэ?

-Ер нь хэдэн ч наснаас хичээллэж болно л доо. Гэхдээ бид олимп, дэлхийн аварга болох хэтийн зорилго тавиад баг бэлдвэл өсвөр наснаас нь системтэйгээр бэлтгэх  шаардлагатай. Бид ийм зорилго тавиад өсвөр насны хүүхдүүдийг бэлдээд явж байна даа.

-Энэ спорт хүүхдэд ямар ач тустай вэ?

-Хүүхдийн  сэтгэхүйд  багаар ажиллах чадварыг багаас нь суулгаж өгнө гэдэг их чухал. Энэ чадварыг волейболын спортоос авч чадна. Волейболоор хичээллээд сүрхий том амжилт гаргаагүй ч багаар ажиллах чадварт суралцана гэдэг  өөртөө том  хөрөнгө оруулалт  хийж байна гэсэн үг. Өнөөдөр томоохон албан байгууллагууд  сагсан бөмбөг, волейболоор хичээллэж байсан хүмүүсийг ажилд авах дуртай байдаг. Энэ дан ганц тамирчин талаас нь биш багаар ажиллах чадварыг нь үнэлж авдаг юм байна лээ.    

-Монголын волейболын спортын өнөөгийн хөгжлийг та яаж харж байна вэ?

-Волейбол өөрөө 1970, 1980 онд ч, өнөө үед ч  тэр олон нийтийг хамрах хүрээ нь  хамгийн өргөн. Гагцхүү энэ олон хүмүүс дундаас шигшээ багийг санхүүжүүлээд, цааш нь өндөр зэрэглэлд олимп, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцуулаад явах нь алга.

-Асар богино хугацаанд сэтгэж оновчтой шийдвэр гаргахыг шаарддаг спорт юм шиг санагддаг?

-Тийм. Үсрээд асар богино хугацаанд эсрэг багийн хамгаалалтын сул орон зайг гярхай ажиглаж довтлох чадварыг шаарддаг. Үүнээс үзэхэд волейболчин хүн асар их оюуны чадамжтай нь ажиглагдаж байгаа биз.

-“Хасу кап” нэртэй клубуудын аварга шалгаруулах тэмцээн явагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээний онцлог давуу нь тал юу байв?

-Монголын волейболын холбооноос гурав дахь жилдээ шилдэг клубуудын аварга шалгаруулах тэмцээнийг  зохион байгууллаа. Энэ жилийн тухайд эрэгтэй найман баг хоёр зоонд хуваагдаж өрсөлдөлдсөн. Хэсэгтээ эхний хоёр байр эзэлсэн багууд хагас шигшээд шалгарч олимпийн симтемеер тоглож аваргуудаа шалгаруулна. Монголын өнөө цагийн шилдгүүд болох Сайханбаатар, Алтангэрэл, Цэрэнбаатар, Мягмарсүрэн, Даваажаргал нар бүгд тус тусын клубээсээ оролцлоо. Харамсалтай нь эмэгтэй дөрвөн л баг байгаа учраас цуцалж шилдэг хоёр багийн дунд бооцоот халз тоглолт явуулсан. Эрэгтэйчүүдийн  төрөлд МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж. Түмэн-Аюуш эзэнтэй, ОУХМ Д.Солонго дасгалжуулагчтай, ОУХМ Л.Баатархүрээ туслах дасгалжуулагчтай, СМ А.Даваажаргал ахлагчтай Мегастарс клуб магнайлсан. Харин мөнгөн медалийг Тэнүүн огоо баг авлаа. Хүрэл медалийн төлөөх тоглолтод Хилчин Алтайн барс баг өрсөлдөгчөө ширүүн тоглолтын төгсгөлд буулгаж авсан. Ерөнхийдөө энэ жилийн тэмцээн урд жилүүдийнхээс илүү өрсөлдөөнтэй явагдлаа. Ирэх жил бид эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнээ эргүүлэн зохион байгуулна.

 

 

Д.НЯМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?