МУЭИС-ийн Олон улс судлалын төвийн захирал П.Ганхуяг (доктор Ph.D) -тай ярилцлаа.
-Энэ өвөл монголчуудын хувьд үнэхээр хүнд байна. Оны өмнөхөн орон даяар шатахууны хомсдолд орлоо. Эрчим хүчний хязгаарлалт хийж байна. Энэ нөхцөл байдлыг та геополитикийн талаас нь хэрхэн харж байна вэ?
-Монгол Улс мөнхийн хоёр хөрштэй. Бидэнд Хятад, ОХУ-аас өөр хилийн гарц байхгүй. Энэ хоёр улсаар дамжиж гадаад худалдаа, арилжаа наймаа явагдаж байна. Түүгээр хязгаарлахгүй улс төр, эдийн засгийн бүх харилцаанд нөлөөтэй гэдгийг бид байнга бодож байхаас өөр аргагүй.
Манай улс гуравдагч хөршийн харилцаагаа өргөжүүлснээр тэнцвэртэй гадаад бодлого явуулж чадаж байна. Энэ бол маш чухал. Үүнээс үүдэлтэйгээр өнөөдөр яригдаж байгаа бензин шатахуун, эрчим хүчний хомсдолд геополитикийн асуудал, хөршүүдийн нөлөөлөл байна уу гэсэн хардлага судлаачдын хувьд ч цухалзаж байна. Ард түмэн ч тэгж харж байгаа.
Энэ нөхцөл байдлыг бид бүхэн сайтар нягталж геополитикийн нөлөөлөл, гадаад бодлогодоо маш сайн бодох ёстой.
Нефтийн бүтээгдэхүүнийг агаараар тэвэрлэх боломжгүй. Гуравдагч орноос импортолсон ч заавал хоёр хөршийн нутгаар дайруулж тээвэрлэнэ.
Эрчим хүч, цахилгааныг ч гэсэн одоогоор долгионоор агаараар шууд дамжуулах шийдэл хараахан гараагүй байгаа учраас мөн л хоёр хөршөөсөө холбоно. Тиймээс энэ хоёр салбарын хомсдолын хувьд улс төрийн өнцгөөс нь хараад цаана нь ямар нэг далд хүч үйлчлээд байна уу гэсэн хардлага нийгэмд үүсээд байгааг бодолцох л хэрэгтэй. Өнөөдөр бид Хятадаас нефтийн бүтээгдэхүүн олигтой авч чадахгүй байгаа. Нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг ОХУ-аас хангаж байна. Тийм болохоор шатахуун, түлшний хомсдол үүсэнгүүт ОХУаас нийлүүлэхгүй байна уу гэж хардаг. Харин албаны эх сурвалжууд шатахуун, түлш хэвийн орж ирж байгаа гэж ярьсан. Судлаач бид тоо баримт аваад үзэхээр тодорхой хэмжээгээр нефтийн бүтээгдэхүүн орж ирж байна гэж харагдаад байдаг. Тэгвэл яагаад хомсдол үүсэв гэхээр цаанаа дахиад нөлөөллүүд байна уу гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл, хомсдол үүсгэх орчин бүрдүүлээд байна уу. Учир нь иргэд бензин шатахуун хомсдоно гэх сургаар их хэмжээгээр нөөцлөөд байгаатай холбоотой гэж ярих юм. Уг нь жолооч машиныхаа банкийг дүүргэчихвэл долоо хоног бензин авахгүй. Харин клонкууд шатахуунаа бага багаар өгөхөөр дахиж оочерлоод бүүр л их ачаалал үүсч улам их бухимдал бий болж байна. Иргэдийн бензин авах хэмжээг хязгаарлаад байхаар тэр нь нийгмийн бухимдал бий болгоод байна. Энэ бол төрийн зүгээс авч байгаа буруу бодлого. Эсвэл үүний цаана илүү том хомсдол бий болгож харуулах санаа байна уу. Үгүй бол хойд хөршийн шахалт гэж харуулах гээд байна уу. Асуудлыг олон талаас нягтлах нь зүйтэй. Оросууд бидэнд нефтийн бүтээгдэхүүн өгөхгүй байх хэрэгтэй юу гээд харъя л даа. Манайх тус улсын нефтийн бүтээгдэхүүний экспортод өчүүхэн хувь эзэлж байгаа. Өдөрт хоёр гурван сая баррель нефть экспортолж байгаа орон шүү дээ. Манайх хариугүй, өдөрт хэдхэн мянган тонн бүтээгдэхүүний хэрэглээтэй орон. Энэ утгаар нь харвал Монголд нийлүүлэх бензин шатахууныг хасаад байх нь тэдний эдийн засагт хүчтэй нөлөөлөхгүй.
-Ерөнхийлөгчийн Францад хийсэн айлчлалын үр дүнд ураны төсөл урагшлахаар болсон. Үүнд оросууд дургүйцлээ илэрхийлж, эрчим хүчээ хязгаарлаж, шатахууны крантаа хаагаад байгаа байгаа юм биш үү?
-Эрчим хүчний хязгаарлалт, шатахууны хомсдолыг геополитикийн хувьд авч үзвэл гадаад орчин нөлөөлөх талтай. Монгол Улс ураны олборлолтоо явуулах гэж байгаа учраас Орос, Хятадын аль аль нь тээг тавьж буй тухай сошиал орчинд ч нэлээд бичиж байгаа харагдах юм. Цөмийн реактор ажиллуулдаг дэлхийн таван орны хоёр нь манай хөршүүд. Атомын цахилгаан станцын түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалт, олборлолтын талаар биднийг хоёр хөрш дээгүүрээ даваад нэлээд нөлөөтэй Франц улстай ажиллах гэлээ гэсэн ийм ойлголт байхыг үгүйсгэхгүй. Энэ тал дээр Монгол Улс хар хайрцагны бодлого, аюулгүй байдал, урт хугацааны олон зуун жилээр бодсон гадаад бодлогоо дотроо тооцож байж явуулах учиртай. Уранаас улбаатайгаар үнэхээр хоёр хөршийн шахалтад орж байгаа бол том эрсдэл. Үүнийг гүнзгий судалж үзэх шаардлагатай.
-Энэ цаг үед бид хоёр хөршийнхөө хараат байдлаас яаж салах вэ?
-Манай улс аюулгүй байдлын үүднээс нефть боловсруулах үйлдвэр барих нь нэг номерын асуудал. Ер нь стратегийн бүтээгдэхүүнийг ганцхан орноос их хэмжээгээр ханган нийлүүлэх нь эрсдэлтэй гэж олон улсад үздэг л дээ. Манайх түлш, шатахуунаа бусад орнуудаас бага сагаар авч байна. Тэгэхээр цаашид нэг орноос нийлүүлэх бензин түлшнийхээ хэмжээг 40 хувиас хэтрүүлэхгүй гэдэг ч юм уу. Барууны орнуудыг харж байхад ийм маневртай байснаар аюулгүй байдлаа хангаж чадаж байна. Манайх энэ чиглэл рүү орох хэрэгтэй. Гэвч манайх нефтийн бүтээгдэхүүний үнэ дээр “барьцаалагдаад” хойд хөршөөс хараат болчихсон. Шатахуун, түлш тээвэрлэж байгаа төмөр зам нь Оросынх. Өргөн царигтай болохоор сэлгэн ачилтгүйгээр ОХУ-аас төмөр замаар шууд орж ирдэг. Зардал хямд. Одоо энэ бодлогоо өөрчлөх цаг болсон.
-Гуравдагч хөршийн дэмжлэгийг хэрхэн авах вэ?
-Гуравдагч хөршийн бодлогыг зөв ухаалгаар явуулах хэрэгтэй. Хамаагүй гуравдагч хөрш рүүгээ хэлтийгээд ирвэл хоёр хөрш маань чангалдаг олон мянган жилийн түүх байна шүү дээ. Тэгэхээр зөв маневр хийж байж, аль аль талынхаа аюулгүй байдлыг бодсон ухаалаг бодлого руу явах ёстой л доо. Францтай уранаа ашиглаж болох байх. Ингэхдээ бусад орнуудын жишгээр хоёр хөршийн аль нэгийг эсвэл гурав, дөрвөн орны хамтарсан төсөл болговол аюулгүй ашиглалт, хяналт тавих зэрэгт нэн хэрэгтэй дэ. Төсөлд оролцоогүй үлдсэн хөрш орон ч эсэргүүцээд байхгүй. Ер нь аливаа орон халаасандаа өөр хөзөр байхгүйгээр гадаад бодлого явуулах боломжгүй л дээ. Харин манайд барих хөзөр ховор. Тийм болохоор манайх буулт хийгээд яваад байгаа хэрэг. Америк, Хятад хоёр их гүрэн гадаад бодлого, улс төр эдийн засгийн бодлогоороо хурцаар сөргөлддөг. Аль, аль нь кармандаа хөзөртэй учраас нэг, нэгийгээ буулт хийлгээд яваад байна. Манайх зөөлөн хүчний бодлогоор явахаас өөр замгүй. Дипломат аргаар, яриа хэлэлцээнийн шугамаар ойлголцоод явах ёстой. Бид гуравдагч хөрштэйгөө бие даасан орон юм чинь шууд харьцана гэвэл хоёр том хөрш чинь элдвийн жижиг асуудлаар крантаа хаах гээд байна. Тэр нь яах ч аргагүй богино хугацаандаа улсын хөгжил, ард түмний амьдралд хүнд тусна. Магадгүй урт хугацаандаа гуравдагч хөршөө түшиж шийдэх нь өгөөжтэй байхыг үгүйсгэхгүй. Энэ л улсын эрх ашиг бодсон хар хайрцагны бодлого дотор зайлшгүй байх ёстой зүйл.
-Ер нь ураны асуудал дээр Казахстан бас Оросыг түлхээд байна уу. “Монголын ураныг явуулж болохгүй” гээд нөлөөлөх тал байж болох уу?
-Уранаар Франц бол Казахстанд дээр үеэс хүчтэй орсон нэлээн өргөн хамтын ажиллагаатай орон. Харьцангуй амжилттай ажиллаж байгаа шүү дээ. Магадгүй хажууд нь өрсөлдөгч гарч ирээд, зах зээл нь унах байдал үүсэх гэдгээр бол байж болох л асуудал. Тийм нөлөөлөл байвал бид түүнийг тооцож, яаж давах вэ гэдэг талын бодлого хийх нь чухал.
-Манай хоёр хөршийн хувьд Монгол Улсыг хөгжүүлэх сонирхолгүй нь том, том төслүүдээс харагддаг. Уг нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт Монголд нутагшвал геополитикийн хувьд том хамгаалалт болно гэж ярьдаг шүү дээ. Харин та ямар байр суурьтай байна вэ?
-Хятадтай бид усан цахилгаан станц яриад эхлэнгүүт оросууд крантаа хаагаад байна шүү дээ. Оросуудтай хамтарсан том төсөл хэрэгжүүлье гэхээр хятадууд янз бүрийн юм яриад байдаг. Таван толгойг япончуудтай хамтрахаар нэлээн урагштай юм ярьж байсан үе бий. Тэр үед мөн л хоёр хөрш “Болиорой, та нар нүүрсээ яаж зөөх юм” гээд саад тээг тавьсан гэсэн яриа байдаг. Иймэрхүү асуудлууд олон улсын түвшинд явна л даа. Тэр бол байхаас ч аргагүй. Тэгэхээр олон улсын дипломат бодлого, гадаад харилцааны ухаалаг яриа хэлэлцээ явуулбал урагшлах ажлууд их байгаа. Газрын доорх баялаг, Төв Азийн өндөрлөгт цэвэр агаар, үзэсгэлэнт газар нутаг дээр тогтсон нийгмийн онцлогтой соёл иргэншил зэрэг давуу талаа ашиглаад манай улс гадаад бодлогоо зөв явуулах ёстой. Гадаад бодлогоо зөв явуулахгүйгээр дотооддоо шийдвэр гаргаад тэрийгээ гадагшаа тулгаж болохгүй. Бид бие даасан улс, өөрсдөө дангаараа асуудлаа шийдээд явна гэвэл, дэлхийн эдийн засаг, улс төр хил хязгааргүй болчихсон өнөө үед явахгүй л дээ.
Эх сурвалж Өдрийн сонин