“Их Засаг” олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, Монголын өмгөөлөгчдйин холбооны гишүүн өмгөөлөгч Ж.Баасанжавтай ярилцав. Тэрээр хүн худалдаалах гэмт хэргийн талаар судалгаа хийхийн сацуу энэ гэмт хэргийн хохирогчдыг өмгөөлдөг.
-Та бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидод өмгөөлөгчийн тусламж үйлчилгээг олон жил үзүүлсэн. Гэмт хэрэгтнүүд бэлгийн хүчирхийлэл, бэлгийн мөлжлөгийг нэг дор үйлдэх нь их. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг өмгөөлөх явцад ямар хүндрэл тулгардаг вэ?
-Хохирогч ихэвчлэн насанд хүрээгүй охид, эмэгтэйчүүд байдаг. Тэдний гэр бүлийн хараа хяналтгүй, эцэг эх нь архины хамааралтай, санхүүгийн хувьд сул доройг ашиглан, хуурч мэхлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх эсхүл найз нөхдөөр нь дамжуулан гэмт этгээд хяналт тогтоон, эрхшээлдээ оруулдаг.
Зарим хүүхэд өгч буй мэдүүлгийн аль хэсэг чухлыг мэддэггүй. Хуульд заасан хугацаанд мэдүүлгээ өгч амжихгүй, эсхүл цагдаагаас айж, мэдүүлэг авч буй мөрдөгч заримдаа эрэгтэй байдгаас шалтгаалж мэдээллээ бүрэн өгч чаддаггүй.
Холбогдогчоос ирэх дарамт шахалт, хүчирхийллээс айж, мэдүүлгээ өөрчлөх нь хэрэг хэрэгсэхгүй болох, мөрдөн шалгах ажиллагаа удаашрахад хүргэдэг.
Хүн худалдаалах гэмт хэргийг гэмт этгээд ганцаараа бус, хоёроос дээш этгээдтэй хамтарч үйлддэг тул түүнийг нотлоход цаг их орно. Сүүлийн үед хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаанд техник технологийн дэвшил ашиглаж, хэргийг шуурхай шалгаж байна. БНСУ-д дуу, дүрсний бичлэг ашиглан мэдүүлэг авах зэргээр ажил нь цахимжсан. Манайх хоцрогдсон аргаар, тэмдэглэл үйлдэж, цаг алдах нь их. Цаашид мөрдөн шалгах ажиллагаа явуулах шинэ арга зүй, техник хэрэгсэл ашиглахад анхаарах цаг болсон.
-Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нэгэн зэрэг олон төрлийн хэргийн хохирогч болдог нь үнэн үү?
-Тийм. Халдашгүй чөлөөтэй байх эрхээ хязгаарлуулна, бие мах бодод нь халдаж гэмтээнэ, хүчээр ёс бус үйлдэл хийлгүүлнэ, хууль бусаар үр хөндүүлнэ, сэтгэл зүйн дарамтад байлгана, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хуурч өгөх, согтууруулах ундаа хүчээр уулгах гэх мэтээр давхар хохироодог.
Энэ гэмт хэрэг жил ирэх тусам өсөж байна. 2000 оны эхээр энэ төрлийн гэмт хэргийн ойлголтгүй байсныг бодоход одоо иргэд тодорхой хэмжээнд мэддэг болж, олон улсын гэрээ конвенцод нэгдсэн.
Эрх зүйн орчин бүрдэж, төрийн бус байгууллагууд хохирогчийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг, энэ төрлийн хэргийг шалгах тусгай нэгжтэй, бие даасан хуультай болсон зэрэг дэвшилт бий. Цаашид энэ хэргийн суурь шалтгаан болох ажилгүйдэл, ядуурлыг багасгахад төрөөс зөв, оновчтой бодлого явуулах, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжид стандарт тогтоож, цалин нэмэх зэрэг нь урьдчилан сэргийлэх алхам юм.
-Шүүхээс гэмт хэрэгтнүүдэд шударга ял оноодог уу?
-Сүүлийн 10 жилд хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн 59 хүнд ял оноосон. 13 хүнд 5-8 жилийн, 10 хүнд нь 10-15 жилийн , нэг хүнд бүх насаар хорих ял оноожээ. Шүүх хуульд заасан ялыг шударгаар оноодог. Гэвч өмгөөлөгчийн хувьд маш их ажиллагаатай, багагүй цаг зарцуулсан хэрэг шүүхийн шатанд ирээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах тохиолдол бий. Буцсан хэргийн зүйлчлэл өөрчлөгдөнө, буцаахдаа холбогдсон этгээдүүдийг хорихгүй, гадуур шалгана, хорихгүй тул тэд хохирогчийг айлгана, дарамтална, нөлөөлсөөр байгаад мэдүүлгээс нь буцаадаг, хохирогч залхаж, салмаар байна гэх тохиолдол цөөнгүй.
-Бусад улсууд хүн худалдаалах хэргийн эсрэг ялын хатуу бодлого явуулдаг уу?
-Манай улсад энэ хэрэг 2-8 жил хорих ялтай. Хүүхэд гэдгийг мэдсээр байж хүн худалдаалах гэмт хэрэгт өртүүлбэл 5-12 жил хорхно. Зохион байгуулалттай, гэмт бүлэглэл үйлдвэл бүх насаар хорих ялтай. Хөрш хоёр улсад насанд хүрээгүй хүнийг худалдаалсан бол ОХУ-д 3-10, БНХАУ-д 5-10 жил хорих, хүндрүүлэх нөхцөлтэй үйлдвэл ял хүндэрнэ.
Бусад улсын хүн худалдаалах, худалдан авах гэмт хэрэгтэй тэмцэж байгаа туршлагаас үзэхэд хатуу ял шийтгэх замаар сүрдүүлэг хэрэглэх, хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, ажилтнуудын энэ талын мэдлэг, мэдээллийг сайжруулах, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох, уялдаа холбоог бий болгох замаар тэмцдэг.
Манай улсад энэ чиглэлээр төрийн, төрийн бус байгууллага урьдчилан сэргийлэх талаар сүүлийн дөрвөн жилд өргөн хэмжээнд сургалт, сурталчилгаа зохион байгуулж, зохих мэдээлэл мэдлэгтэй болсон.
-Хууль зүйн туслалцааны төвийн өмгөөлөгчид өмгөөлөгч авах боломжгүй гэрч, хохирогчид үйлчилгээ үзүүлдэг байсан бол энэ оноос хохирогчийг ч өмгөөлөх болжээ.
-Маш зөв шинэчлэл болсон. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын 6 дугаар зүйлд хууль зүйн туслалцаа үнэ төлбөргүй авах хүн гэж заалаа.
Түүн дотор бэлгийн хүчирхийллийн насанд хүрээгүй хохирогч, хүүхдийн эсрэг гэмт хэргийн хохирогч, хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогч өмгөөлөгч авч, эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах боломж бүрдсэн.
-Иргэд хүн худалдаалах гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэхэд ямар үүрэг гүйцэтгэж болох вэ?
-Манай улсад иргэд, хохирогч нарын мэдээллээр гэмт хэргийг илрүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Сэжигтэй зарлал, гадаадын иргэдтэй хамт яваа хүүхэд, эмэгтэйчүүдээс ганцаарчлан асуух зэргээр тухайн гэмт хэргийг мэдээлж, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхэд таны оролцоо маш чухал.
-ХХГХ-тэй тэмцэх хуульд мөн нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны бодлоор аль хуульд, ямар зүйл заалт нэмэх шаардлагатай вэ?
-Холбогдох хуулиудаас гадна Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зарим төрлийн эрүүгийн гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан. Үүнд хүн худалдаалах гэмт хэргийг нэмэх, 2023 оны 07 сарын 03 өдөр Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолоор Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан. Үүнд хүн худалдаалах гэмт хэргийн насанд хүрээгүй хохирогчийг оруулах шаардлагатай.
2012 онд батлагдсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд хохирогч учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрхийг тусгасан ч шүүх практикт хэрэгжихгүй, иргэний хэргийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж байгаа нь хохирогч дахиад л хуулийн байгууллагаар явах нөхцөл болсон.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин