Оросын ихэнх зэвсгийн калибр нь Америкийн зэвсгээс зөрөөтэй байдаг. Тухайлбал америкчууд 81 мм-ийн миномёт ашигладаг бол оросынх 82 мм байх жишээтэй. Миномёт бол дайсны бүлэг явган цэрэг, хөнгөн хуягласан "бай"-г маш мэргэн устгах боломжтой зэвсэг юм. Ихэвчлэн нэгийн галаар бууддаг боловч автомат миномёт бий. Жишээ нь орост 632 кг жинтэй 82 мм-ийн "Василёк" нэртэй автомат миномёт байдаг ба энэ нэг минутад 3,1 кг жинтэй 100-120 ширхэг минийг 4270 метрийн хол зайд шидэх чадвартай зэвсэг юм.
Харин америкчууд саяхан германд болсон сургуулийн үеэр байлдааны зориулалттай "Хаммер" машин дээр суурилуулсан 81 мм-ийн автомат миномётыг олон нийтэд үзүүлжээ. 81 мм-ийн автомат миномётын системийг "Ил болон далд харааны автомат буудлагын миномёт - Automated Direct Indirect-fire Mortar" гэж нэрлэж байна. Автомашин дээр суурилсан уг системийн хувилбар нь ойролцоогоор 1 тонн жинтэй, "-3"-аас "+85"-ын өнцөгөөр 6,3 км-ийн алсын зайд буй дайсны "бай"-г устгах боломжтой гэж байна.
Миномётын автомат удирдлагын автомат систем нь цаг уурын мэдээллийг /салхины хурд, газрын өндөр нам гэх мэтчилэн Р.Э/ тусгай мэдрэгчээс хүлээн авч дайсны "бай"-ыг илрүүлж, түүнийг онилж, буудлага үйлддэг байна.
Р.ЭНХБОЛД /ДЭД ХУРАНДАА/