Дөрөв дэх жилдээ амжилттай хэрэгжиж байгаа “Оюутан-цэрэг” хөтөлбөрт энэ жил 1100 гаруй оюутан хамрагдаж байна.
Улаанбаатар хотоос 720 гаруй оюутан залуус зургаан бүлэг болон МУИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС зэрэг сургуулиуд дээр онолын хичээлд сууж байна. Бямба, Ням гаригуудад өглөөний 09.00-14.00 цагийн хооронд 04 дүгээр сарын 1-нээс 06 дугаар сарын 1 хүртэл 96 цаг буюу хоёр кредит багц цагт багтаан “Батлан хамгаалахын эрх зүй”, “Ерөнхий тактик”, “Галын бэлтгэл”, “Тусгай тактик” зэрэг дөрвөн хичээлийг зааж байгаа юм байна.
Харин хөдөө орон нутагт нийт 13 аймгийн их, дээд сургуулиудыг түшиглэн тухайн аймгийн цэргийн хэлтсүүд хариуцан 400 гаруй оюутан залуус цэргийн ерөнхий онолын бэлтгэл сургалтанд хамрагдан хичээллэж байна. Цаашид Ховд аймагт 150, Орхон аймагт 100, Баянхонгор аймагт 50, Дорнод аймагт 50, нийт 350 оюутан залуусыг тухайн аймгуудын цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалт зохион байгуулах юм байна.
Цэргийн мэргэжлийн буюу хээрийн бэлтгэл сургалт 06 дугаар сарын 15-аас 08 дугаар сарын 15-ны хооронд үргэлжлэх бөгөөд нийт 568 цаг буюу 14 кредитийн эрчимжүүлсэн, вакуум хаалттай сургалт явуулж цэргийн 11 мэргэжлээр суралцуулах юм.
Ер нь БХЯ-аас жил бүр оюутан цэргийн тоог нэмж байгаа бөгөөд ирэх жил мөн 500-гаар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Оюутан цэрэг хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш нийтдээ 4500 гаруй оюутан залуучууд тус хөтөлбөрт хамрагджээ.
С.ШҮРЭНЧИМЭГ