Тэр бол хэлсэн бол хийдэг. Зорьсон бол хүрдэг. Амласан бол биелүүлдэг. Ийм зан чанартай. Урваж шарваад байдаггүй, ухарч буцдаггүй. Ийм л хүн, миний мэдэхийн. Алдсан ч бай, оносон ч бай, шийдвэртээ үнэнч байна гэдэг удирдагч хүнд байх маш чухал чанарыг түүнээс олж харсан. Тэр худлаа ярихгүй, хүний араар орж нуугдахгүй, хүний гараар могой бариулахгүй зарчимтай нь үйл ажиллагаанаас нь анзаарагддаг. Зарим зүйл дээр би санал нийлдэггүй ч, ерөнхий дүн нурууны хувьд Монголд байх ёстой удирдагчийн нэг гэж түүнийг хардаг. Ажил төрлөө явуулахад нь саад их л байх шиг байна. Улс төрчдийн урвасан шарвасан зан чанар амаргүй л байгаа байлгүй. Гэвч тэр өөрийнхөөрөө, хэвээр.
Ам.долларын ханш 10000 болвол болог гээд л хэлж байдаг. Өөр улс төрч бол тэгж бодож байсан ч, хэзээ ч тэгж зоригтой хэлж чадахгүй. Дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүл, дотооддоо бүтээгдэхүүнээ хийдэг бол, бусдаас бага хамаар гэж хэлэх дуртай. Тиймээс долларын ханшнаас огт айдаггүй нэгэн.
Одоо бол тэр Тавантолгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр 2%-ийн рояалтигаар бэлэглэчих гэвэл "ҮГҮЙ" л гэж хэлж байгаа хэвээр. "Буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Хамгийн ноцтой нь "Энержи ресурс" авангуутаа маргааш нь "Шэнхуа"-д шилжүүлэх бүх зам нь нээгдсэн" хэмээн Тавантолгой дээрхи байр сууриндаа хатуу зогсдог.
Түүнийг хэн ч, яаж шүүмжилсэн тэр байр сууринаасаа буцаагүй. Ийм нэг удирдагч бидний дунд амьдарч байна. Цагаа тулбал хэнээс ч хурдтай хөдөлж чаддаг, хэнийг ч хөдөлгөж чаддаг нь түүний мөн чанарыг илтгэнэ.
Монголд байж болох удирдагч гэж харж байна, З.Энхболдыг.
Нийтлэлч Ц.ЭНХБАТ