БОРНУУРЫН НИНЖА УЛААНБААТАРЫН СУРГАГЧ БАГШ БОЛСОН ТҮҮХ

2018-05-18  

Энэ бүсгүйг Р.Түмэндэмбэрэл гэдэг. Хувиараа алт олборлогч буюу нинжагийн амьдралаар 20-оод жил амьдарсан нэгэн. Харин өнөөдөр “Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэх үндэстний хэмжээний том Төрийн Бус Байгууллагын сургалт, судалгаа хариуцсан мэргэжилтэн, бичиг хэргийн ажилтан, санхүү хариуцсан хүн  гээд жинхэнэ оффис ажилтан болжээ. Энэ мэт амьдралынх нь эгэл түүхийн талаар та доорх ярилцлагаас дэлгэрүүлж уншаарай.  

Та нинжагаас “Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-ны сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн болтлоо өөрчлөгдсөн хүн. Их сонирхолтой замыг туулж энэ хүрсэн байх гэж бодож байна л даа. Эхлээд өөрийнхөө тухай товч танилцуулаач. Ямар мэргэжил боловсролтой, аль нутгийн хүн бэ?

Би Төв аймгийн Борнуур сумын уугуул. Монголд бичил уурхай анх эхэлсэн 90-ээд онд би ч бас  алтанд явж эхэлсэн. Түүнээс хойш маш олон замыг туулсан. Нинжа буюу хуваариаа ашигт малтмал олборлоод хууль бус үйл ажиллагаанд оролцоод явж байсан үеээ одоотой харьцуулбал шал өөр ертөнц л дөө.  Ямар ч зохион байгуулалтгүй, хүүхдээ хэнээр харуулах вэ, аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ гээд бүх зүйл л хууль бус. Тэр бүхнийг л давж туулсан. Амь өрссөн ажил хийж жаахан алт олохын тулд, амьдралаа залгуулахын тулд тэнд ажилласан.

Тухайн орчин нөхцөл маш хүнд байсан. Харин 2005 онд “Тогтовортой бичил уурхай” төсөл гарч ирж миний амьралд өөрчлөлт орсон гэх үү дээ.

Та сая гэр бүлээрээ алт руу орсон гэж ярьсан. Гэр бүлээрээ уурхайн дэргэд очсон хэрэг үү. Тухайн үед хэдэн хүүхэдтэй байв?

Уг нь би Баянчандманийн техник мэргэжлийн коллежийг механикжуулалтаар төгсч ирээд хувиараа дэлгүүр ажиллуулдаг байлаа. Гэтэл манай сумынхан бүгд алт руу шуурч эхэлсэн. Тиймээс би ч дагаад нөхөр, ах, дүү нартайгаа хамт явсан. Тэгээд яваандаа нэг хүүхэдтэй болсон, хоёр хүүхэдтэй болсон. Одоо бол дөрвөн хүүхэдтэй.

2005 онд 3 дахь хүүхэд маань 8 сартай байх үед төслийнхөн /ШХА-ийн Тогтвортой бичил уурхай төсөл/ -тэй таарч гадагш явах боломж олдсон.

Тухайн үед тэдний дуранд өртсөн байгаа юм. Нинжа нар ид ажиллаж байх үед цагаан бээлийтэй нэг хүүхэн л чулуу өргөж тавиад, өргөж тавиад байсан гэдэг.  Нөхрийнхөө олборлосон чулууг авах гээд нялх хүүхдээ дагуулаад буцах машин олдохгүй зам дагаад явж байхдаа төслийн багийнхтай таарсан юм. Түүнээс хойш орон нутгийнхаа нинжа нарыг зохицуулах, зохион байгуулалтанд оруулах асуудлуудад гар бие оролцож эхэлсэн.

Төсөл 2005 оноос намайг “орон нутгийн идэвхижүүлэгч” гэж цалинтай ажилд томилоод би ч түүндээ урамшаад ажиллаж эхэлсэн.  2010 онд “Тогтвортой бичил уурхай” төслийн санхүүжилтээр хоргүй технологиор Хүдэр боловсруулах цех байгуулсан. Мөн тухайн жилдээ “Бичил уурхайн холбоо” гэдэг ТББ байгуулахад гар бие оролцсон. Тэгээд энэ байгууллагуудтайгаа хамтраад нэлээн хэдэн жил ажилласан. 2013 оноос “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” байгуулах ажлын хэсэгт орсон. Түүнээс хойш өнөөг хүртэл бичиг хэргийн ажилтан, санхүүгийн ажилтан, сургагч гээд бүх л ажлыг нь хийж байна даа.

ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ДЭРГЭД НҮЦГЭН ГАРААРАА МӨНГӨН УС УУРШУУЛААД АЛТ УГААХ Ч ҮЕ БАЙЛАА

Нинжагийн амьдралаар амьдарч байх үеийн дүр зураг ямар байсан бэ?

Холын хамаатан, найз нөхөд гэх мэт хүмүүсийг гуйж хүүхдүүдээ харуулна. Жаахан юмтай/алт/ болж ирэхийн тулд хамгийн багадаа 5 хоног, цаашлаад 10, 14 хоногоор ч хүүхдүүдээ орхиж явдаг байсан л даа. Эрэгтэй хүнээр харуулж байгаа тохиолдолд санаа зовно. Найдвартай хүн байлаа ч хувцас хунар нь хир даг болчихсон, үс толгой нь арзайчихсан ийм л нөхцөл угтдаг байсан. Одоо бодох нь ээ, хүүхдээ ингэж орхидог байснаар хүүхдийн хүмүүжил бага зэрэг доголдож дээ гэж анзаарагддаг.

Миний нэг гайхаад байдаг асуудал байдаг л даа. Гэр бүлээрээ, тэгээд 10 хэдэн жил ажиллачихаад тодорхой хэмжээнд хуримтлал үүсгээд, нинжагийн амьдралаасаа эртхэн салж болоогүй юм уу?

Би “Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо”-нд орж ирээгүй байсан бол одоо юу хийгээд явж байх байсан бол гэдэг төсөөлөл бас хэцүү л дээ. Тухайн үед уг нь нэг дэлгүүр ажиллуулдаг байсан. Гэхдээ гурил, будаа, бээлий сэлтхэн л эргэлдүүлнэ. Ихэвчлэн зээлээр өгнө. Тиймээс тийм их орлого олдоггүй гэсэн үг.

Харин өөр ажлын байр луу шилжээгүй шалтгаан бол нинжагийн дүрээр ажиллаж амьдралаа л залгуудаг байсан хэрэг. Бас дээр нь тухайн үед мэдлэг, мэдээллээр дутмаг ч байж, залуу ч байжээ. Нөхрийнхөө олж ирсэн хэд гурван төгрөгийг дэлгүүрт орж шар тортой юм болгоод л орж ирдэг байжээ. Хоёрдугаарт овоож, оцойтол нь ихийг олж байгаагүй юм байна, одоо бодоод байхад. Амьжиргаа залгуулах төдий л байж. Картын бараатай, юмны олдоц ховор байсныг ч хэлэх үү. Мөнгө олдвол бушуухан л юмаа авчихдаг байсан. Одоо ч харж байхад өөр ажлын байранд шилжсэн хүн их ховор байна.

Тухайн үед танай сумынхан тэр чигтээ л алтанд явсан гэж та хэлсэн. Тоо гаргаж байв уу. Яг хичнээн хүн алт олборлох гэж, нинжа хэлбэрээр ажиллаж байсан юм бол?

Борнуур суманд “Бичил уурхайчдын холбоо” ТББ байгууллагыг байгуулахад 500 гишүүнтэй байсан. Зуны улиралд оюутан, залуус ирээд 800 хүрч байсан. 4800 хүн амтай сум л даа. Тэгэхээр айл болгоноос л нэг хүн оролцож байсан байгаа юм. Хүний эрхийн зөрчил, эрсдэл маш их. Бээлий ч хэрэглэхгүй улаан гараараа мөнгөн усаар алт угаадаг байсан. 2007 онд “түр журам” гэгч гарч тээрмүүдийг нь хураагаад эхлэнгүүт зэвсэггүй болсон хүмүүс чулуугаа гэртээ авч ирж уур нүдүүрт нүдэж байгаад  хүүхдийнхээ хажууд мөнгөн усаар ууршуулаад л эхэлсэн. Иймэрхүү байдалтай 4-5 жил явсан.  Шинжилгээ өгөхөд мөнгөн усны зөвшөөрөгдөх хэмжээ хэтэрсэн үзүүлэлтэй гарч байсан нь ч бий. Надтай нэг хороонд амьдардаг, сайн танил ах маань ч очоод амиа алдаж л байлаа. Энэ болгон хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал хангаагүйтэй л холбоотой. “Өнөөдөр хэн ирж хөөх юм бол” гэж бодож ажиллахаар бушуухан л нэгнээсээ өрсөөд авчих юмсан гэдэг бодолтой болно. Тийм учраас дээрээс чулуу унана уу, байна уу огт хамаагүй. Урдахаа л авч байвал боллоо гэсэн сэтгэхүйтэй болчихсон байсан.

Энэ бүхэн дээрээс үндэслээд бодоход, хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож хориглох нь чухал биш. Асуудлыг нь шийдээд зохион байгуулалтанд оруулж, албажуулах нь чухал юм байна.

2005 он хүртэл Борнууртаа алтаа олборлоод л амьдраад байсан гэсэн үг үү?

2008 он хүртэл. Төрийн бус байгууллагынхаа бичиг хэргийн ажилтан хийж байсан ч гэсэн олборлолтоо явуулж л байсан. Яваандаа хүдэр боловсруулах цехдээ орж ажиллаж байгаад 2013 онд хотод орж ирсэн. 

Нинжа хэлбэрээр ажиллаж байсан үе Төрийн бус байгууллага байгуулсан хоёрын хооронд асар их ялгаа байсан биз?

Тэгэлгүй яах вэ. Төрийн бус байгууллага байгуулах үед гадагшаа яваад үзчихсэн, харьцунгуй нүд тайлчихсан байсан учраас зохион байгуулалтанд орохгүй бол болохгүй юм байна гэж ухаараад л, гараараа алт олборлож, мөнгөн усаар угаахын хор уршгийг ч мэддэг болсон. Ингээд Швецайрын хөгжлийн агентлаг дээрээ яваад очсон доо.

За тэгээд орон нутагтаа ТББ байгуулсны дараа 2013 онд “Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо” гэж улсын хэмжээний том холбоо байгуулаад өөр шигээ хүмүүсийн өөрчилье, албажуулъя гээд явж байгаа шүү дээ. Одоо танай холбоонд хэдэн хүн гишүүнчлэлтэй байна, ямар өөрчлөлтүүд гарав?

Монгол улсын хэмжээнд Хувиараа ашигт малтмал олборлогч хэдэн иргэн байгаа вэ гэдэг сүүлийн үеийн баталгаатай тоо алга. Харин 2018 оны байдлаар манай дээвэр холбоонд Улаанбаатар хотын нэг дүүрэг, 15 аймгийн 49 сум, 79 байгууллагын 6300 хүн нэгдсэн байна. Гэхдээ бид тоогоо нэмэхдээ бус эдгээр хүмүүсээ өөр ажлын байранд шилжүүлье гэж зорьж байна. Энэ хүмүүст бизнес эрхлэх гарааг нь тавьж өгье, хуримтлал бий болгох аргыг нь хэлж өгье, бизнес төсөл бичих аргыг зааж өгье, тэр төслөө амьдралдаа хэрэгжүүлэхэд нь туслая гэсэн зорилготой ажиллаж байна. Ноднигийн байдлаар 250 орчим хүнд бизнесийн сургалт явуулсан. Долоо, найман хуримтлалын бүлэг байгуулсан. Мөн 10 хүнийг бизнесийн сургагч багшаар бэлтгэсэн. Энэ жил мөн 300 хүнд бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах сургалт явуулна.

Та бүхний сургасан хүмүүсээс өөр ажлын байранд шилжээд, амьдралаа өөрчилсөн хүн байна уу?

Сургалтанд суусан 250 хүнээс зарим нь өөрсдөө төсөл бичээд /8 төсөл/ зээл авсан. /Тогтвортой бичил уурхай төслөөр дамжуулаад аймгуудад 2 банк бус санхүүгийн байгууллагад мөнгө байршуулчихсан байсан юм./ Тэгээд бизнесийнхээ анхны гарааг эхлүүлсэн. Ингэхдээ нөхөрлөлийн зохион байгуулалтанд орсон, 3-5 хүнийг ажлын байртай болгоно гэсэн төслүүдийг бид дэмжсэн. Найман нөхөрлөлийн 25-40 хүн өөр ажлын байранд шилжих анхны алхмаа тавиад явж байгаа гэсэн үг. Тухайлбал, блокны үйлдвэр, оёдлын цех, авто засварын газар, гутлын үйлдвэр гэх мэт...

НИНЖА БАЙСАН АМЬДРАЛАА ЭРГЭЭД ТӨСӨӨЛӨХӨД ҮНЭХЭЭР АЙМААР...

Та 90-ээд оны амьдралаа одоогийнхтойгоо харьцуулбал?

Шал өөр. Нинжа байсан нөхцөл байдлаа эргээд төсөөлөхөд үнэхээр аймаар.Би Сүжигт уулан дахь шороон ордон дээр хоёр жил ажилласан. Тэнд үнэхээр аймшигтай. Хүнийг хүн гэж үздэггүй. Цагдаа сэргийлэх нь хөөнө, тууна, зодно, олборлосон алтыг нь халаасы нь нэгжиж авна. Одоо ийм дүр төрхөөсөө аль аль нь л салмаар байгаа юм.  Ялангуяа орон нутаг зохион байгуулалтанд орсон бичил уурхайчдыг дэмжээд, хууль бусаар ажиллаж байгааг нь өөгшүүлэлгүй, таслан зогсоох хэрэгтэй.

Өнөөг хүртэл тухайн үеийнхээ нөхцөл байдлаар амьдарч байгаа хүмүүс ч байгаа нь харамсалтай. Энэ нь орон нутгийн шийдвэр гаргах түвшнийхэнтэй ихээхэн хамааралтай гэж би боддог. Хариуцлага тооцдог байх ёстой. Тэнд хөдөлмөр хамгааллаа мөрдөөгүй бол мөрдүүлдэг болох ёстой. Тэгээд ч өнөө маргаашаа өнгөрүүлсэн амьдрал хэзээ ч амжилтанд хүрдэггүй учраас хүмүүс ч энэ нөхцөл байдлаасаа салах хэрэгтэй.

Та өөрийгөө амжилтанд хүрсэн гэж хэлэх үү?

Амжилтанд хүрсэн. Тогоонд нь чанагдаж явсны хувьд би нөгөө талд нь гарсан. Мэдээж хамт олон, зорилго нэгтэй нөхдийнхөө хүчээр, олон шат дамжлага дамжиж байж гарсан. Гэхдээ би нөгөө талд нь гарлаа гээд бусаддаа хууль мөрдүүлэх гээд, хариуцлага тооцуулах гээд байгаа юм биш л дээ. Албажуулж, дэг журамд оруулж, өөр шигээ олон хүнийг нөгөө талд нь гаргахыг хүсч байгаа юм.

Хуримтлалтай, хувийн бизнестэй болж чадсан уу?

Хуримтлалыг тодорхой хэмжээгээр үүсгэж л байна. Бизнесийн хувьд хараахан болоогүй байна. Яагаад гэвэл, одоохондоо бичил уурхайчдыг чадавхижуулах, зохион байгуулалтанд оруулах энэ ажилдаа л хамаг цаг, заваа зарцуулж байна даа.

 Баярлалаа.

 

С.Шүрэнчимэг

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
hun :saihan yarilts**** bna 2018-05-18
gg:za bvr hagas mafiin zohion baigyylalttai bolj 2019-10-12
gg:za bvr hagas mafiin zohion baigyylalttai bolj 2019-10-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА СЭТГЭЛ ЗҮЙН ОНЛАЙН СУРГАЛТАНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА УУ ?