АВТОБУСНЫ БУУДЛУУДАА ЛЕД ДЭЛГЭЦТЭЙ БОЛГОЁ!

2018-05-23  
2018 оны 5 сарын 23
 

Автобусны буудлуудаа ЛЕД ДЭЛГЭЦТЭЙ  болгоё! Arslan.mn

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-аас “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудалд карт цэнэглэх үйлчилгээний цэгийг байгуулаад туршилтын ажлаа эхлүүлээд сарын нүүр үзэх гэж байна. Энэ цэгээс иргэд U money карт худалдан авч, цэнэглүүлэхээс гадна, лед дэлгэцээр нь тухайн буудалд ирдэг автобусны мэдээлэл, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авах боломжтой юм. Өөрөөр хэлбэл, автобус хаана яваа, ирэх цаг минутыг нарийвчлан үзүүлэх төхөөрөмжийг  суурилуулсан. Үүнийг харсан иргэд хотын удирдлагуудад талархаж, бүх буудал хэзээ ийм болохыг хуруу даран хүлээж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Өдгөө автобусыг ухаалагжуулж бэлэн мөнгийг халж, цахим хэрэглээг бий болгосон. Улмаар тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн эхлэх, дуусах цаг, яг тухайн цагт автобус аль буудал дээр байгааг, автобусны буудлуудын мэдээлэл, тус автобусны буудалд ямар ямар чиглэл ирдэг зэргийг мэдээллэдэг “UB Smart Bus” аппликэйшныг  нийтийн хэрэглээнд нэвтрүүлсэн. Одоогоор зөвхөн аппликэйшныг татсан иргэд л зорчих автобус хаана явж байна хэзээ ирэхийг мэддэг болсон. Мэдээж энэ бол дэвшил.
Харин аппликэйшныг татаагүй иргэд автобус хэзээ ирэхийг хүлээж, автобусны буудал дээр унаа ирэх зүг рүү “гөлрөн” зогсох иргэд олон. Жолооч нар зорчигчид автобус хүлээгээд хагас цаг болохыг юман чинээ тоодоггүй. Зорчигчдод автобус хоорондын хугацаа 30 минут гэж ам тагладаг нь ч хэвшил болсон зүйл. Үнэндээ хот доторх үндсэн чиглэлийн автобуснуудын интервалыг дунджаар 8-10 минут байхаар зохицуулсан журам бий. Эл журмаа мөрддөг бол хүмүүс хугацааг тооцоолон гэрээсээ гарч, нийтийн унааг нүдээ ширгэтэл харж, хүлээж зогсохгүй байх боломжтой. Харамсалтай нь, замын түгжрэл, жолооч нарын хэнэггүй, дураараа байдал зэргээс шалтгаалан бид хагас цаг автобус хүлээсэн ч хэвээр л байна.
Харин “Хүннү молл” худалдааны төвийн автобусны буудал дээр байрлуулсан шиг лед дэлгэцийг буудал бүрт байрлуулчихвал иргэд автобус хэзээ ирэх, явахаа төвөггүйхэн харчихна. Тэр ч бүү хэл, болзох цагаа ч товлочих юм. Улмаар автобуснууд яг цаг маршрутаа мөрдөж, буудал дээр удаан зогсож иргэдийг хүлээлгэхгүй зэрэг сайн тал мундахгүй.
Иймд хүлээлт үүсгээд байгаа автобусны буудлууд дээр электрон мэдээллийн самбарууд байрлуулах ажил хэзээнээс эхлэх вэ?

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ТА ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА УУ?