Г.МАНДАХ: ХЭВЛЭЛИЙН ХУРЛААС ХОЙШ ДАРАМТ Ч ИРСЭН, БАРИМТ Ч ИРСЭН

2018-06-11  

МУИС-ийн удирдлагын түвшний зарим хүмүүс СС системрүү орж дүн засдаг, диплом худалддаг талаар тус сургуулийн оюутны холбооны гишүүд 5 сарын 29-нд хэвлэлийн бага хурал хийсэн. Үүний дараагаар Цензургүй яриа нэвтрүүлэгт тус сургуулийн багш оролцон, сургууль доторх өөр олон асуудлын талаар илэн далангүй ярьж, тодорхой хэмжээний дарамт шахалт ирж байгааг хэлсэн байдаг. Мөн МУИС-ийн сургалтын төлбөр 24 хувь хүртэл нэмэгдсэн. Үүнийг маш олон оюутнууд эсэргүүцэж байгаа юм. Тэгвэл хэвлэлийн хурлыг зохион байгуулж баримтуудыг дэлгэсэн, МУИС-ийн оюутны холбооны дарга Г.Мандахтай өрнөж буй асуудлуудын талаар ярилцсанаа хүргэе.  

Хэвлэлийн бага хурлаас хойш өөрт ямар нэг дарамт ирсэн үү, асуудал ямар шатандаа явж байна вэ?

-Хэвлэлийн хурал хийснээс хойш тодорхой хэмжээний дарамтууд ирсэн. МУИС-ийн албан ёсны оюутны нэгдэл групп рүү зургаан хуурамч аккаунт нэвтэрч намайг доромжилж, гүтгэж эхэлсэн. Би үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэлтэй хандах гэх мэт үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж байгаа оюутан. Аливаад шүүмжлэлтэй хандана гэдэг  эрүүл байгаагийн шинж. Гэтэл намайг шалгалтан дээрээ хоцорч ирдэг, намын гар хөл, өөрөө диплом худалдаж авах гээд байгаа юм биш үү гэх мэт илт гүтгэлгийн чанартай зүйл групп дээр постлох болсон.

Түүнээс гадна далд хэлбэрийн дарамтууд их ирж байна. Тухайлбал 30 минутын шалгалт өгч байлаа гэхэд 25 минутад нь багш миний хажууд зогсдог, хажуунаас огт холддоггүй гэх жишээний.

Хэвлэлийн бага хуралд хамт байсан чамаас бусад оюутнуудад тохиролцоо хийхийг хүсэх, эсвэл дарамт шахалт үзүүлэх гэх мэт зүйлс тохиолдсон болов уу?

-Нуулгүй хэлэхэд “Уулзъя”, ярилцъя гэдэг санал ирсэн. Энэ нь ч баримттайгаа байгаа. Хуралд байсан нэг оюутанд дарамт ирсэн, гэр бүлийнхэн нь хүртэл дургүйцсэн байна лээ. Бусад талаар гайгүй.

Оюутнуудын зүгээс Г.Мандах “сургуулийн нэр хүнд унагалаа”, “амбиц хөөлөө”, “од болох гэж хичээлээ” гэх зэргээр хэлж, тиймэрхүү хандлага илэрч байсан. Одоо хэр байна вэ?

-Эхэндээ 1000 орчим хүн надруу дайрч, сөрөг сэтгэгдэл бичиж байсан. Үүнээс болоод ойлгомжгүй байдал үүсч тайван жагсаал хийх гэж төлөвлөсөн байсан ч чадаагүй. Тэгээд байгаа баримтаа дэлгэе гээд оюутны хурал зарлахад 11-хэн  оюутан ирсэн. Яагаад гэдгийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Дараа нь би оюутны нэгдэлд баримтуудыг дэлгэсэн. Түүнээс хойш оюутнуудын хандлага гайгүй болсон. 

Шинэ баримт дэлгэгдсэн гэсэн үг үү?

-Тийм ээ.Надад оюутнуудаас баримтууд ирж байгаа. Дүн засуулсан, хичээлдээ огт суугаагүй мөртлөө 4.0 голчтой сурч байна гэх мэт. Таамаг биш бүгд баримттай. Эдгээр бүх баримтуудыг АТГ болон ШӨХТГ, Боловсролын яам гэх мэт холбогдох байгууллагад нь өгч шалгуулах хүсэлтэй байгаа. Үнэлэгдэхүйц түвшний 2,3 баримт бий. Энэ асуудал ер нь 2014 оноос эхлэлтэй юм билээ. Ийм асуудал удаа дараа гарч байхад хуулийн байгууллагууд ямар ч хариуцлага тооцоогүй байгаа нь хамгийн хачирхалтай.

Ийм асуудлыг хөндөхөд нэлээд зориг шаардлагатай байх. Золиос ч шаардахыг үгүйсгэхгүй. Үнэхээр сургуулиа төгсөж чадах болов уу. Удирдлагын зүгээс ч юм уу шударга бус зарим хүмүүсийн зүгээс чамайг төгсгөхгүй байх арга хэмжээ авах юм биш байгаа?

-Би бол муу сурдаг оюутан биш. Нийгмийн идэвхтэй байхыг, онц сурахыг хичээдэг. Тиймээс дүн ямар үнэ цэнээр олддогийг мэднэ. МУИС-ийн удирдах зөвлөлийн хуралд би сургалтын төлбөр нэмэгдсэн асуудлаар эсэргүүцлээ илэрхийлэхэд,  хариуцлага тооцож намайг хөөх ёстой гэсэн санаа нь улам л  батжаад байх шиг байна. Үнэхээр МУИС-ийн нэр төр ярьж байгаа бол эхлээд энэ асуудлаа цэгцлэх тал дээр анхаарах хэрэгтэй болохоос намайг хөөх тухай анхаарах ёсгүй гэж бодож байна.

ТУЗ хэзээ хуралдсан юм бэ?

-Би 5 сарын 29-нд хэвлэлийн хурал хийсэн, ТУЗ-ын хурал 5 сарын 31-нд хуралдах байсан. Гэвч хэвлэлийн хурлаас болсон уу, хурлаа хойшлуулж 6 сарын 6-нд хурал хийсэн. Яагаад, ямар шалтгаанаар хойшлов гэдэг нь үнэхээр хачин. Магадгүй масс оюутныг амарсны дараа, орон нутгийн оюутнуудыг явсны дараа хурлаа хийчихлээ. Оюутан цуглуулах боломж байхгүй болчихоод байна.

Сургалтын төлбөрийн асуудал нэлээд яригдаж байна. 600 мянган төгрөг нэмэгдсэн гэж үнэн үү. Үүнийг оюутнууд эсэргүүцэж байгаа гэж сонссон. Яаж эсэргүүцэж байгаа вэ?

-МУИС 2024 он гэхэд Азийн шилдэг сургууль болно гэсэн зорилготой ажиллаж байгаа. Тэгэхийн тулд судалгааны лабораториуд, сургалтын орчныг сайжруулна зэрэг үндэслэлээр 2.2 тэрбум төгрөгийн төсөл оруулж ирж байгаа юм билээ. Үнэхээр шилдэг сургууль болох гэж байгаа бол оюутнууд бид хувь нэмрээ оруулах нь зөв. Гэхдээ 17 мянган оюутнаас 24.7 хувь, 19 хувь зэргээр огцом өсгөж, ингэж их мөнгө авчихаад шилдэг сургууль болж чадахгүй бол яах вэ, шилдэг болчихоод буцаад төлбөр нь багасах уу гэдэг асуудлууд гарч ирж байна. Бас эх үүсвэр нь яагаад ганцхан оюутнууд байгаа юм. Өнгөрсөн онд сургуулийн 75 жилийн ойг тохиолдуулж маш их хандив авсан байсан. Тийм зүйлүүдээрээ босгож болдогүй юм уу. Цалин багатай эцэг эхийн нуруун дээр яагаад ачааг үүрүүлэх гээд байгааг нь ойлгохгүй байна. Оюутнууд төлье гэсэн ч мөнгө байхгүй.

Тухайлбал чиний сургалтын төлбөр хэд байж байгаад хэд болж байгаа гэсэн үг вэ?

-Нэг кредит нь 100.700 төгрөг байж байгаад 120.800 болж байгаа юм. Тэгэхээр нэг хүүхэд дунджаар жилд 42 кредит үздэг гэж тооцвол 5.000.000 орчим төгрөг болж байгаа биз. Манай бизнесийн сургуулийн 3-р курс л гэхэд 800 орчим мянгаар нэмэгдсэн гэсэн үг.

Сургалтын төлбөр нэмж баталсан байдал 

Оюутнууд тарчихсан. Төлбөрийн нэмэгдлийг яаж эсэргүүцэж байгаа вэ.

-Бид эсэргүүцэж буй оюутнуудын гарын үсгийг цуглуулж байгаа. Ингэхэд хоёр хоногийн дотор 2000 орчим оюутан гарын үсэг зурлаа. Үүнийгээ бид холбогдох яаманд албан бичгийн хамт хүргүүлнэ. Мөн цахимаар холбогдож эсэргүүцлээ илэрхийлж байгаа маш олон оюутан бий. Бид ийм асуудал байж л байдаг ш дээ гэж эвлэрээд сурчихаж. Хүн алж байвал алж л байдаг ш дээ гэдэгтэй зарчмын хувьд ижил болчихож. Үүнийг зогсоохын тулд шударга оюутнууд нэгдэж байгаа.

Ер нь сургалтын төлбөрийг юунд, хэрхэн зарцуулсан тухайгаа оюутнуудад ил тод харуулдаг уу, шилэн данс гэдэг шиг?

-Би дутуу хайсан байж магадгүй л дээ. Гэхдээ л шилэн гэх юм байхгүй. Байгаа нэг хоёр юм нь ойлгомжгүй дан тоо, эсвэл энд тэнд хэдэн юм наачихдаг. НӨАТ- хүртэл мөнгөө юу, юунд зарцуулж байгааг ангилаад гаргаад ирж болдог байхад яагаад би өнөөдөр юунд хэдэн төгрөгөө өгөөд байгаагаа харж болохгүй байгаа юм. Сургуулийн удирдлага харуулахыг хүсч байгаа юу, үгүй юу гэдэгт л учир байгаа. Төрийн байгууллага дэргэдээ аудитын хороотой байх ёстой юм билээ. Түүгээрээ хөрөнгө мөнгөө шалгуулаад, үнэхээр төлбөр нэмэх шаардлага байгаа эсэхийг тогтоох хэрэгтэй. Манай зарим багшаас ийм санал гарсан. Гэвч авч хэлэлцээгүй.

Асуудал дорвитой шийдэгдэхгүй бол тэмцлийг хэрхэн үргэлжлүүлэх вэ.

-Төлбөрөө нэмсэн сургууль ганцхан манайхаар дуусаагүй. Тэгэхээр хүссэн шийдвэрт хүрэхгүй бол 8 сарын үед бусад сургуулийн оюутнуудтай нэгдэж жагсаал хийх төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ албан ёсоор зарлаагүй л байна.

Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

 

 

 

О.НАНСАЛМАА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
dghgf:SiSi system shuu 2018-06-11
Иргэн:Амжилт хүсье. 2018-06-11
Oyutn:Arai l boditoi barimttai yum yridg shu, itgj bna 2018-06-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?