Ч.ЦЭВЭЭНПҮРЭВ: МИНИЙ БИЕИЙГ ГАЗРААС ТЭНГЭРТ ГАРГАСАН АЧТАН БОЛ БАГШ МИНЬ ЮМ

2018-06-18  

Мэргэжлийн боксын дэлхийн олон удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин "WBFoun­dations", "WB Union", "WBF-Inter­national" зэрэг тэмцээний алтан бүст гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэвтэй ярилцлаа. Мэргэжлийн боксын рингенд  44 тулаан хийж 37 д нь ялалт байгуулсан юм.

-Мэргэжлийн бокс, сонирхогчийн боксын гол  ялгаа нь юу вэ?

-Мэргэжлийн  бокс бол тулааны хамгийн хүнд төрөл. Бүтэн 12 үеийн турш ринген дээр тулалдана гэдэг амаргүй. Сонирхогчийн бокс гэж байна. Би өөрөө сонирхогчийн боксоос эхэлж байсан. Энэ хоёрын хооронд маш их ялгаа бий. Яагаад гэхээр бэлтгэлийн хувьд мэргэжлийн сонирхогчийн гэж хоёр байдаг. Тэгэхээр манайхан бас нэг зүйл ойлгодоггүй. Бокс гэхээр л нөгөө олимпийн төрлөө бодоод байдаг. Бэлтгэлийн хувьд ялгаа байх ёстой. Тулааны спорт учир маш их гэмтэл гардаг. Тархи толгой, бие. эд эрхтний гэмтэл. Хамгийн хүнд бэртэл бол тархины гэмтэл. Яагаад бэртэл аваад байна вэ гэдэг нь тэр хүн тулаанд орох  бүрэн бэлтгэл хангагдаагүй, болоогүй байдаг. Энэ тохиолдолд тэмцээнд оруулж болохгүй. Бөх бол өөр. Сагс тоглуулж болно, барилдуулж болно, гүйлгэж болно. Бэлтгэл сайн хангагдаагүй байсан ч тэр. Тулааны төрөл гэмтэж байж л зогсдог. Тэгэхээр энэ хоёрын хоорон дахь ялгааг хүмүүс тэр болгон ойлгоод байдаггүй.

-Боксын рингенд анх хэдэн онд гарч байсан бэ?

-1993 онд анх удаа улсын аваргаар орж байсан. 1992 оны аравдугаар сард гавьяат дасгалжуулагч Оюунболд багш дээр мэргэжлийн тамирчин болох үүд хаалгаа нээсэн. Одоог хүртэл 25 жил тасралтгүй энэ спортоор хичээллэж байна. Энэ бол монголын рекордыг эвдчихсэн, Азид хамгийн хөгшин тамирчдын тоонд орчихжээ. Анхны тэмцээн маань 93 онд улсын аваргат орж хүрэл медаль авч байсан.Тэр хүрэл медаль минь миний маш олон жилийн мөрөөдөл байсан. Маш их баярлаж байсан. Одоо ч гэсэн тэр медалийг гүйцэх медаль байхгүй. Учир нь миний анхны гараа. Тэрнээс хойш 94 онд улсын аваргаар мөнгөн медаль, Финляндын олон улсын тэмцээнд оролцож алт, шилдгийн шилдэг тамирчин авч байсан. Тэгээд л цаашаа амжилтууд ар араасаа төрөн гарсан.

-Боксийн спортод хөтөлж оруулсан багшийнхаа талаар ярихгүй юу?

-Миний багш дасгалжуулагч Гонгоосүрэнгийн Оюунболд гэж хүн бий. Мөн ардын багш Буянгийн Ганбатаас ч их зүйл суралцсан. Надад тулааны спортын нарийн ширийн техник суралцахад тусалсан олон багш бий. Дан ганц спортод ч биш амьдралд минь  тусалдаг,  надад  зааж зөвлөдөг болгон миний багш. Зөв хүн байхын тулд  юу хийх ёстойг зааж зөвлөсөн хэн бүхнийг багш гэж ойлгодог. Би багш нараа эцэг эхээсээ ч илүү үздэг.  Эцэг эх бол миний биеийг тэнгэрээс газарт уналдуулан буулгасан ачтан. Харин миний багш миний биеийг газраас тэнгэрт гаргасан ачтан юмаа гэж. Би багшийг ингэж л хүндэлдэг хүн.

-Мэргэжлийн боксоор хүүхэд хэдэн наснаас эхэлж хичээллэвэл зохимжтой вэ?    

-Ер нь арваас дээш наснаас бэлдэж эхэлдэг. Яагаад гэхээр багаасаа сурна гэдэг эрдэм болдог. Арван настай хүүхэд 20 хүртлээ сурахад маш их чадвар эзэмшинэ. Тэрнээс биш би 20 гарчихаад энэ спортоор явсан гэхээр хэрэглээний маягаар явсан гэсэн үг.

-Саяхан Монголд зохиогдсон  боксын тэмцээний үеэр өсвөр насны  хоёр ч хүүхэд нас барсан. Энэ юутай холбоотой вэ?

-Энэ бол маш харамсалтай хэрэг болсон. Бас нэг эмзэглэж явдаг зүйл маань тулааны спорт гэдэг бол спорт тоглоом биш юмаа. Гэмтэл, бэртэл, амь эрсдэх явдал гардаг. Энэ нь тухайн багшийн сургалтын бодлого, цаашлаад яамны хэмжээний асуудал гэж бодож байгаа.  Боксын спортыг хэн дуртай  нь хүүхдүүдэд зааж сургаад байж болохгүй. Тэдэнд тийм эрх ч байхгүй. Гартаа бээлий углаж үзээгүй, цохиулж, зодуулж үзээгүй хүүхэд тэмцээнд орох нь эрсдэл бас хариуцлага дагуулдаг. Тулааны багш нар гурван сар тутамд сургалт, семинарт  хамрагдаж байх ёстой. Мэргэжлээ дээшлүүлж “яавал би энэ хүний хүүхдийг эрүүл саруул байлгах вэ” гэсэн суурь мэдлэгтэй байх ёстой. Энэ чинь сагсан бөмбөг биш шүү дээ. Ядрах юм бол зогсчихож болно. Спорт тоглоом тулааны спорт хоёр тэнгэр газар шиг ялгаатайг ойлгох хэрэгтэй.

-Та хэвлэлд өгсөн  ярилцлагадаа “Мэргэжлийн боксд тулалдаж  буй тамирчид үхсэн ч харамсахгүй” гэх утгатай гэрээнд гарын үсэг зурдаг”  гэж хэлсэн. Энэ талаар сонирхуулахгүй юу. Гэр бүлийнхэн нь яаж хүлээж авдаг вэ?

-Иймэрхүү асуудлыг гэр бүлийнхэндээ хэлээд байдаггүй л дээ. Мэргэжлийн боксын гэрээнүүд нууцлалтай байдаг. Тэрийг зөвхөн өмгөөлөгч болон хуулийн талын хүмүүс хянаж ажилладаг. Гэрээндээ баригддаг учраас тухайн байгууллагадаа ашигтай байдаг. Тамирчид мэргэжлийн боксын холбоонд өөрсдөө гуйж ордог. Би ч гуйж л орсон.  Одоо үеийн тамирчид гуйж явах биш гуйлгаж тэмцээнд ордог болмоор байна. Үүний тулд  тамирчдаа мэргэжлийн хэмжээнд бэлдэх шаардлагатай. Өнөөдөр манайд мэргэжлийн хэмжээнд бэлдэх тал дээр боловсон хүчин алга. 25 жил энэ спортоор явахад өөрөө судалгаагаа хийж, өөрөө биеэрээ бүх зүйлээ туршсан. Дэлхийн олон газарт олон бэлтгэл сургуулилт хийсэн. Одоо ч гэсэн би сурч л явж байна.

-Энэ хүнд спортоор хүүгээ хичээллүүлэх үү?

-Би хүүгээ яг боксчин болно гэж хэлэхгүй. Гэхдээ эрэгтэй хүүхэд бие хамгаалах чадвартай байх ёстой гэж боддог юм. Хүүхдийг  ёс суртахуунтай хүн болгож хүмүүжүүлэх нь чухал. Хүнийг хүндэлдэг,  ахмад настнаа ачлах ухаантай болгож хүмүүжүүлнэ. Мэдээж эрдэм мэдлэг чухал. Дээрээс нь эрүүл мэнд бие бялдрын өв тэгш хөгжил хэрэгтэй. Энэ гурав хосолсон цагт  хүн болдог. Тэгэхээр би хүүгээ энэ гуравт сургана даа. Хэрэв надад эцэг эхчүүд хүүхдээ  шавь оруулья гээд авч ирвэл би “Аврага болгоно” гэж амлахгүй. Зөв хүмүүжилтэй сайн хүн болгож чадна

-Та мэргэжилийн боксоор 25 жил хичээллэсэн. Энэ хугацаанд  хүнд бэртэл, гэмтэл авсан л байх?

- Мэргэжлийн бокс өөрөө хүнд спорт учраас бэртэл их авна.  Тэмцээн болгоны дараа хамар нь хугарчихсан, толгой нь хагарчихсан, гар  хугарчихсан, өвдөг шагай нь мултарчихсан  явна шүү дээ. Тэр болгоныг тэр нь тийм ийм гэлтгүй л байсан. Хөлөө хугалсан минь л хамгийн том аймшигтай бэртэл байсан. Зүүн шагайгаа бяцлаад зүүн шилбэнийхээ яснуудыг бүгдийг хугалаад нэг тал нь тулгуургүй болчихсон. Тэр надад их хүнд цохилт болж байсан. Шууд л ахиад хэзээ ч тулалдахгүй нь гэсэн бодол толгойд орж ирж билээ. Гэсэн ч зургаан сарын дараа эргээд рингендээ гарч байлаа.

-Тулааны үеэр болсон зөрчилдөөнөөс болж талбайн гадуур асуудалтай тулгарч байв уу. Сая UFC-ийн нэр тулаанч Конор Макрегор ийм асуудалд холбогдсон?

 -Олон улсын рингенд эзэн орны тамирчинтай тулалдахад хүмүүс янз бүрээр хашхирна. Сэтгэл зүйд л нөлөөлж байгаа хэрэг л дээ. Өмнөх өрсөлдөгчөөс гадна, хөгжөөн дэмжигчидтэй үзнэ шүү дээ.  Тэрнээс өөрөөр рингений  гадуур асуудал үүсч байсан удаа байхгүй. Харин “зургаа авахуулъя, гар барья, гарынхаа үсгээ өгөөч”  гэх хүмүүс ирдэг. Тулаан хийсэн хотууддаа  хоёр гурав хонох тохиодол гарна. Нэг удаа намайг хүмүүс бүчээд авчихсан чинь цуг явсан найзууд их айсан гэнэ лээ. Намайг дундаа оруулчихаад нүдэж байна гэж ойлгосон гэсэн. 

Н.Энхтэнгэр

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?