Энэ онд БСШУСЯ 181 тендер, төсөл хэрэгжүүлжээ. Үүнээс нийслэлд 47, хөдөө орон нутгуудад 81, Төрийн өмчийн бодлого зохицууулалтын газарт 59 ажлын эрхийг шилжүүлсэн байна. Үлдсэн томоохон ажил буюу сургууль, цэцэрлэгийн барилга, өргөтгөлийн ажилд яамнаас хяналт тавьж ажиллаж байгаа талаар тус яамны сайд Ц.Цогзолмаа хэллээ.
Энэ хичээлийн жилд есөн цэцэрлэг, гурван сургуулийн өргөтгөлийг хүлээн авч, ашиглалтад оруулах юм байна. Үлдсэн цэцэрлэг, сургуулийн өргөтгөл, барилгуудыг 2019, 2020 оны хичээлийн шинэ жилд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр цэцэрлэгийн хүүхэд 100 хувь албанд хамрагдах боломж бүрдэнэ гэв. Өнгөрсөн сарын 25-аас энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх цэцэрлэгийн цахим бүртгэлд нэг хоногийн дотор л гэхэд 39000 гаруй хүүхэд бүртгүүлсэн байна.
Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэг сургуулийн өмнөх насны 114.225 хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа юм.
Нийслэл дэх эрх шилжсэн 47 ажил нь 55 хувьтай явж байгааг салбарын сайд хэллээ.
Б.ХУЛАН