ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ХУВИЙН СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ДУНДЖААР 5-6 САЯ ТӨГРӨГ БАЙНА

2018-08-08  

Хичээл сургууль эхлэхэд ердөө 20-оод үлдлээ. Энэ үед хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх, хичээлийн бэлтгэлийг базаах ажил эцэг эхчүүдэд тулгардаг. Ямар ч эцэг, эх хүүхдээ сайн боловсролтой болгохыг хүсэлгүй яахав. Гэвч, сүүлийн жилүүдэд сургалтын төлбөр огцом нэмэгдэж эцэг, эхчүүдийн санааг зовоосоор л байна. Ихэнх эцэг, эх өөрсдийн өрхийн орлогоос шалтгаалаад хүүхдээ хаана сургахаа шийдэж байгаа. Тэгвэл бид энэ удаа хүмүүсийн нийтлэг мэддэг 10 орчим сургуулийн сургалтын төлбөр хэдтэй байгааг судалж үзлээ.

Хүмүүсийн сайн мэдэх “Олонлог” сургуулиас эхэлье. Албаны хүний  хэлснээр энэ сургууль дотроо хэд хэдэн салбартай юм байна. Тус бүр нь өөр, өөр үнэтэй аж. “Олонлог төв” буюу хуучнаар Энхтайван найрамдлын ордны хойно байрлах сургууль нь бага, дунд, ахлах ангийн төлбөр бүгд 5.5 сая төгрөгтэй байна. Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүд ямар нэг шалгалтгүй суралцах боломжтой бол бусад ангид шилжин суралцахаар зэхэж байгаа хүүхдүүд математикийн шалгалтыг өгч орно. Нэг айлын хоёр болон түүнээс дээш хүүхэд суралцахаар болбол 30 хувийн хөнгөлөлт эдлэх аж. Том хүүхэд нь есдүгээр сарын 15-ны дотор төлбөрөө 100 хувь төлбөл таван сая төгрөг, хоёр, гурав дахь хүүхдийн төлбөр үндсэн үнээс хөнгөлөлт эдлээд 3 сая 800 мянган төгрөг болж хямдарна гэлээ.

Харин “Олонлог академи”-ийн төлбөр 8 сая 750 мянга. Шинээр нээгдэж буй  “Эксе” буюу IT-ийн сургалттай сургууль энэ намраас эсэлтээ авч эхлэх юм байна. Тус сургуулийн анги бүр нь ганц бүлэгтэй. Төлбөрийн хувьд 5 сая 500 мянган төгрөг. Мөн төлбөрөө хэсэгчлэн хувааж төлөх боломжтой бөгөөд 12 сарын 15-ны дотор төлж дуусгах ёстой гэж  олон нийттэй харилцах албаны хүн хэллээ.

Дараагийн сургууль “Шинэ Монгол” бүрэн дунд сургууль. Тус сургууль нь элсэлтээ өнгөрсөн хавар авчихсан учраас одоо нэмэлт эсэлт авахгүй юм байна. Жил бүрийн дөрөвдүгээр сард элсэлтээ бүрэн авч дуусдаг аж. Дөрөвдүгээр сарын элсэлтээрээ суралцах хүсэлтэй хүүхэд бүрээс япон багш нар ирж IQ-ийн шалгалт авч, сурах үгүйг нь шийддэг байна. Нэмэлт элсэлт намар авах боломжгүй. Анги хуваарилалт, хүүхдийн тоо хаврын элсэлтийн үеэр болж дуусдаг гэж хэллээ. Дараа жилийн хаврын элсэлтэд орохын тулд өдийд захиалгаа өгөх ёстой юм байна. Төлбөрийн тал дээр бага, дунд анги 4 сая 600 мянга. Харин ахлах анги үндсэн төлбөр дээр 100 мянган төгрөг нэмэгддэг аж.

 Удаах нь, нээгдээд удаагүй байгаа “Глобал” олон улсын сургууль. Боловсролын сайд асан Лу.Гантөмөрийн байгуулсан энэ сургуульд элсэлтийн оочир дараалал битүү байдаг бололтой, утас цохисон даруйд л 10 сая төгрөгийн төлбөртэй гэж хэллээ. Ес, аравдугаар ангид АНУ-ын ахлах сургуулийн дипломтой төгсье гэвэл 16 сая төгрөг төлж сурах нь. Албаны хүний хэлснээр шинээр суралцах хүүхэд бүр шалгалт өгнө. Бага ангид математик, монгол хэл. Дунд, ахлах ангид суралцъя гэвэл англи хэл, математикийг өгөх аж. Шалгалтандаа тэнцвэл дараагийн шат болох ярилцлагад мөн орох нь. Харин “Шалгалтандаа унасан мөртлөө сурмаар байвал яах уу?” гэтэл “Тэгээд л ярьж байгаад л болно доо” гэж хэллээ. Германы хөрөнгө оруулалттай “Гёте” бүрэн дунд сургууль руу залгалаа. Шаардлагатай мэдээллийг ч өгсөнгүй. Тус сургуулийн бага анги 5 сая, дунд анги 5 сая 500 мянга бол ахлах анги нь 6 сая төгрөгийн үнэтэй байна. “Төгс дэлгэрэх” бүрэн дунд сургууль руу мөн холбогдлоо. Өмнөх сургуулиудыг бодвол хамгийн хямд төлбөртэй нь байв. Бага, дунд анги 3 сая, ахлах анги 3.4 сая төгрөгийн үнэтэй. Нэг айлын олон хүүхэд суралцвал эхнийхээс 300 мянга, дараагийнхаас 500 мянга төгрөгийн хөнгөлөлт үзүүлнэ гэлээ.

Эндээс харвал дундаж сургуулиудын төлбөр 5-6 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Гэхдээ ганц, хоёр сургуулийн төлбөр 8-10 сая орчим байгаа бол жилийн төлбөр нь 20-30 мянган долларын үнэтэй хэд хэдэн сургуульд байна.

Энэ мэтчилэн ерөнхий боловсролын дунд сургуулиудын төлбөрийг жирийн ажилтай эцэг эхчүүд барж дийлэхээргүй бололтой. Жирийн нэг төрийн албан хаагч цалин 450 мянган төгрөг. Үүнээс нийгмийн, эрүүл мэндийн даатгал, гэнэтийн ослийн сан гээд ойролцоогоор 125 мянган төгрөг хасагдана. Гар дээр бэлэн ирэх мөнгө нь 340 мянга орчим  байдаг. Тэгэхлээр бүтэн нэг жилийн турш цалингаа хураагаад ч хүүхдээ боломжийн сургуульд сургаж дийлэхээргүй байдал харагдаж байна.  

Жирийн бидэнд хүүхдээ хувийн сургуульд, төлбөр төлөөд сургана гэдэг юу л бол доо.  Дундаж орлоготой хүнд улсын сургууль бараадах л үлдлээ. Гэтэл улсын сургууль нь хотын төвөөс зах хүртлээ ачааллаа даахаа болиод хоёр, хэдэн жилийг ардаа үдлээ. Хоёр ээлжээр ордог байсан бол гурван ээлжээр орно. Нэг ангид 25 хүүхэд байх ёстой атал 40-50 хүүхэдтэй, нэг багштай. Багш нь ачааллаа даахаа болиод самбарынхаа өмнө унах нь шахуу л ажилладаг.

 

 

Б.БУЯНЖАРГАЛ

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?