А.Н.КРУЧКИН: МОНГОЛЧУУД ДЭЛХИЙН СОЁЛЫН ТАЙЗАН ДЭЭР ГАРАХЫГ ЗОРИХ ЦАГ БОЛСОН

2018-09-11  

"Контрол" цахим телевизийн "Комментатор" нэвтрүүлэгт Монголч эрдэмтэн Юра Кручкин оролцож, тус нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Ц.Энхбаттай хөөрөлдсөн байна. Эл ярилцлагыг буулган уншигч Танаа хүргэж байна.

-Та бид хоёр эртний танилууд. Та санадаг болов уу, Москва хотод МГУ-ын бэлтгэл ангийн хэдэн монгол оюутан трамвайнд Оросуудын дунд монголоороо чөлөөтэй, дураараа ярьж байтал гэнэт нэг Орос хүн бидний ярианд монголоор ярьж оролцоход цочих шиг болж билээ. Хэн ч бидний яриаг ойлгохгүй гээд хамаагүй ярьж байсандаа санаа зовж билээ. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Тэгэхэд МГИМО-д суралцаж байсан.

-Монголоор орчуулбал, Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд сургууль.

-Ихэнхдээ элит гэр бүлээс гаралтай хүүхдүүд тэнд суралцдаг байсан. Монголын сайд дарга нар, доошлохдоо л аймгийн намын хороо, аймгийн дарга нарын хүүхдүүд суралцдаг ийм л сургууль байсан. Мэдээж, тэдний хажуугаар ганц нэг сурлага сайтай, онц төгссөн хүүхдүүд элсэж байсан. Ийм л хоёрхон төрлийн хүүхдүүд сурдаг байж. Та тэгэхэд Саратоваас мужаас тэнд элссэн байдаг. Сурлага сайтай байсан болов уу?

-Саратов мужаас бараг би ганцаарханаа л тэр сургуульд элсэж чадсан. Манай муж ч бас том, бараг гурван сая хүн амтай. Аз л таарсан болов уу.

-Монгол хэлийг та оюутан байхдаа л сайн сурсан байсан. Таны сургуульд ирээдүйн дипломатуудыг бэлддэг байсан. Тэнд гадаад хэл үздэг л байсан. Гэхдээ дөнгөж 1,2-р курсдээ тан шиг гадаад хэлээр сайн ярьж, ойлгодог байгаагүй. 

-Монгол оюутнуудтай нэг өрөөнд хамт амьдардаг байсан. Гуравдугаар курсээс эхлээд монгол хүүхдүүдэд үйлчилж, Артекийн пионерийн зусланд гурван жил орчуулагчаар ажилласан. Хүссэн, хүсээгүй хэлээ сайн сурсан.

-Ингэхэд монгол хэлийг яагаад сонгочихов, анхандаа? 

-Би Саратов мужийн хөдөө тосгонд өссөн. Тосгоны номын санд Монголтой холбоотой нэлээд олон ном байсан. Монголын тухай анхны мэдээллээ тэдгээр номноос олж авсан. Дээр нь, Халх голын чөлөөлөх дайнд оролцсон бараг тав зургаан хүн манай гудамжинд амьдарч байсан. Ижил мөрний гудамжтай нийлбэл хорь орчим ахмад дайчид тэнд амьдардаг байсан. Амьд түүх.

-Ховор тохиолдол гэж хэлж болох байх. Тийм том нутаг дэвсгэртэй Орос орны нэг хоёр гудамжинд Халх голын дайнд оролцсон дайчид олноороо амьдарч байсан гэхээр.

-Тийм, ховор тохиолдол.

-Тодорхой хэмжээнд орчин нөлөөлж дээ. Уншсан ном, эргэн тойрны хүмүүс гээд. Тэр үеийг бодвол Та одоо бараг монгол хүн болж байх шиг байна. Ажлын гараагаа Монголоос эхэлсэн. Монголд ажиллаж, амьдарч байна. Одоо бол Орос- Монголын харилцааны том гүүр болжээ гэж би хардаг.

-Баярлалаа.

-Таны бичсэн Орос -Монгол толь бичиг бол үүний нэг илрэл. Бодитой ажил. Үүнээс гадна монголын тухай Нэвтэрхий толь бас хийсэн. Түүнийгээ үргэлжлүүлж байгаа юу?

-Монголын тухай "Нэвтэрхий толь"-д нийт найм, есөн мянган материал орсон. Хүмүүсийн талаар гэхэл л гурван мянган материал бий. Газар нутгийн тухай мэдээлэлд бүх аймаг, сумыг багтаасан. Зарим мэдээллийг үнэн бодитой боогох зорилгоор тухайн аймаг сумын удирдлага руу залгаж байж авсан. Монголын статистик тоо баримт өөрөө их өвөрмөц сонин. Манай москвагийн эрдэмтэн Гольманд Марк:-Гурван  төрлийн статистик байдаг. Тэрний нэг нь монголын статистик гэж онцолсон.

-Юу гэсэн үг вэ? Тогтвортой биш, хөдөлгөөнтэй гэсэн үг үү?

-Тийм. Сумын захиргаа хүн хот руу шилжсэн хүмүүсээ тоолдог. Солонгос руу ажиллахаар одсон хүмүүсээ бүртгэдэг. Тэгсэн хэрнээ тухайн сумд яг хэдэн хүн амьдарч байгааг бүрэн дүүрэн хэлж чаддаггүй. Малаа  бол харин тоолж чадна. Та нар өөрсдөө ингэж хэлж ярьдаг. Харин хүмүүсээ бол тоолж чаддаггүй.

-Манай нүүдэлчин онцлог хадгалагдан үлдсэн нь тэр байх. Та яг одоо ямар ном бүтээл дээр ажиллаж байна?

-Орос -Монгол толь бичгээ шинэчилж байна. Нэвтэрхий толь хийж байна. Орчуулгын бас хэдэн ном бий.

-Монгол хэлийг их баян гэж би боддог. Жишээлбэл уул гэдгийг англиар ганцхан уул л гэнэ. Монголоор бол уул, гүвээ, даваа, толгод гээд олон янзаар нэрлэдэг. Уламжлалт мал аж ахуй руу шагайхад, адуу гэхэд л англиар нэг настай морь, хоёр настай морь гэж ярьдаг. Гэтэл манайх унага даага, соёолон, хязаалан, хавчиг, их нас гэж нас насаар нь нэрлэдэг. Гэхчилэн монгол хэлийг судлахад их анзаарагддаг байх. Орос хэл ч бас баян хэлний тоонд ордог. 

-Орос хэлэнд малын нэр томьёо гэж байгаа. Гэхдээ морийг бол нэг хоёр настай гэдгээр нь л явж байгаа. Даагыг бас Оросоор өөрөөр хэлнэ.Толь бичиг хийхэд монголоос гадна орос хэлээ их сайн мэдэж байх хэрэгтэй. Надаас гадна Монголчууд "Монгол-орос толь бичгийг" хийсэн тохиолдол бий. Өмнө ч, өнөөдөр ч. Гэхдээ толь бичгийг сайн хийх учиртай. Өмнөхтэй би ярихгүй. Сүүлд хийсэн толь бичигт асуудал байна. Би өрсөлдөгч маягаар үгүйсгэж байгаа юм биш. Оросын буриадуудыг толь хийхдээ татан оролцуулсан байна. Гэхдээ л тэдний хийсэн толь бичиг үнэндээ хангалтгүй. Би бага наснаасаа л оросын пийшэн дээр унтаж өссөн. Оросын сэтгэл зүйг би багаасаа сайн мэднэ. Ийм учраас би зарим нэр томьёо ойлголтуудыг яаж хэрэглэх, ашиглах зэргийг бараг төрснөөсөө хойш ухаарсан. Өнөө цагийн сайн гэгдэх монгол, буриад эрдэмтэд зарим зүйлийг үнэндээ ойлгохгүй байна. Заримдаа бүр инээдтэй гэмээр алдаанууд гаргасан. Ийм алдаатай толь бичиг эрхэлж гаргасан Баабарт хандаж би , - "Монгол-Орос толь бичиг" хийж буй бол ядаж орос хүнээр уншуулах шаардлагатай. 

-Редакторлуулах.

-Тийм хянуулах хэрэгтэй байсан. Заавал надаар биш. Орос хүнээр хянуулж, зөвлөгөө авч, сайжруулах хэрэгтэй байсан юм. Дээрх энгийн алдаанаас болж их инээдтэй зүйл болсон.

-Толь бичиг хийх амаргүй байх. Гэхдээ л толь бичгээр мэргэшиж буй хүмүүсийн нэг бол МУСГЗ, сэтгүүл зүйн нэрт зүтгэлтэн Ц.Дашдондов эрдэмтэн. Ц.Дашдондов гуай жил бүр "Англи- Монгол, Монгол-Англи" хэлний өвөрмөц хэллэгийн толь бичгийг шинэчлэн гаргаж буй. Толь хийхэд мэдээж, эх хэл, гадаад хэлний мэдлэг чухал. Түүнээс гадна, аргачлал, туршлага гэж нэг чухал зүйл байх шиг байна. 

-Би толь бичиг хийхдээ монголчуудаас заавал зөвлөгөө авдаг. Олон ч хүн надад тусалдаг. Миний багын дотны найз Мэргэнээс өгсүүлээд Санжаасүрэн гуайг нэрлэнэ. Эд нар миний толь бичгийг хянадаг. Толь бичиг эрхэлж буй хүн хүссэн , эс хүссэн ч монголчуудаас л зөвлөгөө авах ёстой. Ер нь ямар ч толь бичиг хийсэн хоёр тал хамтран ажиллах хэрэгтэй. Монголын нөхцөлд, ер нь Азийн орнуудад сайн толь бичиг байхгүй л бол сайн явахгүй.

-Толь бичиг ширээний ном болдог учраас алдаа мадаггүй байх шаардлагатай. Мэдээлэл нь мэдлэг болдог учраас маш зөв алдаагүй байх ёстой. Тиймээс ч сайн баг ажиллаж таарна. Ингэхэд, Та бидний оюутан байх ахуйд ТАСС-ын сурвалжлагч Шинкарёв гэдэг хүн байсан даа, та санаж байна уу? Монголд бол ТАСС-ын сурвалжлагч гэж явдаг байсан.

-Одоо 88 настай хүн бий.

Тэр хүн "Нравы и быть Монголии" гэж ном хэвлүүлснийг Дружба номын дэлгүүрээс авч уншсан. ( Монголын зан заншил, аж байдал) Тэр үедээ их уур хүрч билээ. Уг номонд монголчуудын аж байдлыг өөрсдийн харж үзэж буйгаар дүрслээд биччихсэн. Тухайлбал дээлийг нөмөрвөл хөнжил , дэрлэвэл дэр, аягаа арчвал аяганы алчуур , гадаа гарвал ОО болчихдог гэдэг ч юм уу. Үүнийг нь уншаад гадаадад байсан болохоор ч тэр үү, монголоо өмөөрөх сэтгэл оволзож, Шинкарёв гэдэг хүнд тун дургүй хүрч байж билээ. Магадгүй тийм зүйл сонсож дасаагүй байсантай ч холбоотой байж болох.

-Тухайн үед Монголын тухай хоёр боть ном гаргаж байсныг та сайн санаж байгаа байх. Тэгэхдээ зөвхөн сайн сайхан талаас нь, монголчууд баатарлаг, хөдөлмөрч, дэлхийн хамгийн том гүрэн байгуулсан гэдэг ч юм уу. Нэг ч муу  юм бичиж байгаагүй. Мэдээж тийм магтсан өнгө агуулга бүхий хоёр номтой зэрэгцэн Шинкарёвын тэр ном гарахад хүмүүс их эмзэг хүлээж авсан. Аливаа ард түмэн өөрийгөө шоолох чадвараа огт гээж болохгүй. Ёгтолж хэлснийг хүлээж авах чадвартай байх ёстой.

-Бид бусдын өөрөөр харах үзэл бодлыг хүлээн авч дасаагүй байсан учраас их эмзэглэсэн байж магад. Хожим Шинкарёв гуайтай биечлэн уулзахад би Үндэсний телевизийн даргаар, Мэргэн маань орчуулагч-редактораар ажилласан байсан. Шинкеров гуайг Мэргэн дагуулж орж ирээд Цэдэнбал дарга, Филатовагийн тухай баримтат нэвтрүүлэг хийж байгаагаа дуулгасан. Үндэсний телевизийн архиваас тодорхой материал хүсээд бид дэмжсэн. Тэр үед Шинкеров гуай "Эрх мэдэл ба Эмгэнэл" баримтат роман бичсэнээ надад дурсгасан. Та тэр номыг нь ч мэдээж уншсан байх.

-Зарим хэсгийг нь би редакторласан.

-Тэр романыг Мэргэн орчуулсан. Орчуулсан биш, монгол хэлээр бичсэн юм шиг буулгасан байсан.

-Үнэхээр мундаг, чадалтай хүн шүү, Мэргэн.

-Шинкеровын гарын үсгээ зурж бэлэглэсэн "Эрх мэдэл ба эмгэнэл" романыг Казахстанд Олон улсын хуралд оролцох гурав хоногтоо уншсан. Уншууртай, уншихад "маш мөлжүүртэй, амттай" ном байсан. Мэдээж эрх мэдэл, эмгэнэл хосолсон. Эмнэгэлт төгсгөлтэй түүхэн роман. Гэхдээ л гялсхийх нэг гэрлийг тэндээс би олж харсан. Тэр их эмгэнэл гашуудал дунд ганц гэрэл ассан нь Цэдэнбал даргын ач охин байсан. Ач охиныг тэр номоос олж харсандаа их баярласан. Дараа нь, Шинкарёв гуайтай Москвад дахин уулзаж, түүнээр дамжуулан Бал даргын ач охин Настятай анх уулзсан. Та Настятай холбоотой байдаг уу?

-Өнөө өглөө бид холбогдсон. Нөхөртэй болсон байна. Нөхрөө дагаад Шриланк улсад Оросын элчин сайдын яаманд ажиллаж байгаа гэнэ. -Оросын гадаад хэргийн сайд нар Шриланкаас ажлын намтраа эхэлдэг шүү, Оросын Гадаад Хэргийн сайд Лавров ч наанаас чинь гараагаа эхэлсэн гээд ерөөл маягийн захидлыг түүнд бичсэн.

-Настя буюу Анастасия Москвагийн Их Сургуулийн дорно дахины судлалын анги төгссөн. Анхны уулзалтаар богинохон ярилцлага хийж Тв9 телевизээр гаргасан. Айр Транс компанийн захирал Чулуунхүү дэмжиж, онгоцны зардлыг нь дааснаар Монголд анх удаа урьж авчирч байсан. Тухайн үед ТВ9 телевиз бүхэлдээ хөдөлж, Настяг өвөөгийнх нь нутагт сайхан амраасан. Монгол наадам ч үзүүлсэн. Их ч догдолж, их ч баярласан. Ийм зүйл болно гэж санаагүй гэж хожим хэлж байсан. 

-Гадаадад ажиллаж, амьдарч буй монголчуудыг, яг Настя шиг хүмүүсийг монголчууд сайн дэмжих хэрэгтэй. Би зүгээр зөгнөлт маягийн юм хэлье. Гадаадад байгаа монголчуудыг ямар нэг аргаар монголд авчраад Улаанбаатарт биш цоо шинэ хот байгуулаад хоёр зуун мянган хүнийг тэнд суурьшуулаад ажиллуулах юм бол Монгол улсын нэлээд олон асуудал, бэрхшээл устаж алга болно. Ялангуяа сэтгэл зүйн хувьд. Ер нь Улаанбаатар чинь буруу замаар явж байгаа шүү дээ, 30 жилийн турш хүн ам нь гурав дахин нэмэгдсэн. Хөдөөнөөс ирсэн хүмүүс хэчнээн цагаан байлган сэтгэлтэй байлаа ч гэсэн тэд хотын хүмүүс болж чадаагүй. Хотынхон бас үүргээ биелүүлж чадахгүй ч юм уу. Улаанбаатар шиг гэр хороолол, орчин үеийн байшин хосолсон ийм хот дэлхийн хаана ч байхгүй. Хотын гэр хороололд хүмүүс хамгийн бага зардлаар амьдарч болно. Дэлхий даяарх том хотуудад амьдралын өртөг өндөр байдаг. Гэтэл энд гэр хороололд ажил ч үгүй, орлого ч үгүй хүмүүс амьдраад байдаг. Энэ бол монгол улсын хувьд хэзээ нэгэн цагт нийслэлээ нүүлгэх шаардлага гарч магадгүй гэсэн дохио. Улаанбаатар бол хэн ч амьдарсан хэцүү болж байгаа. 80-аад оны эхээр би наашаа ирсэн. Би бол харьцуулж чадна. Эрдэнэт Оюутолгой хоёрыг харьцуулж чадна. Би Эрдэнэтэд хоёр жил ажилласан, Оюутолгойг очиж харсан. Шууд хэлэхэд хоёр өөр замаар хөгжиж яваа хот, байгууллагууд байгаа юм.

-Улаанбаатар ачааллаа дийлэхээ больсон. Замын ачаалал, утаа дэндсэн. Хот зохион байгуулалт бүрэн алдагдсан. Анхны төлөвлөснөөс тооцоолоогүй хүн амтай болсноос үүдэн гажуудал үүссэн. 

-Монголчуудын зан авир их өөрчлөгдөж байх шиг. Перживальскийн бичсэнээр монголчууд их тэвчээртэй, хүлээцтэй гэдэг. Өнгөрсөн жил би Америкт хоёр сар болоход машин сигналдахыг нэг ч удаа сонсоогүй. Харин Улаанбаатарт бол бүгд яараад, давсаг нь хагарах гэж байгаа юм шиг минут секунд тутам сигналддаг.

-Энэ бол нэг талаасаа монголчууд хэр бухимдалтай байгаа вэ гэдгийг л харуулж байгаа  юм л даа.

-Тийм, маш бухимдалтай байна. Хүлээцтэй байх хэрэгтэй л дээ. Тэгвэл хэн хэн нь урагшилж, ажлаа амжуулна.

-"Эрх мэдэл ба эмгэнэл " роман руу яриагаа эргүүлье. Цэдэнбал даргын эмгэнэлт амьдралын тухай бичсэн тэр романыг уншиж байхад Бал даргын гэргий Филатоваг өөрийн эрхгүй өрөвдсөн. 90 оны Ардчиллын уур амьсгал дор монголчууд бид нар тэр эмэгтэйг дэндүү их гутааж, байгаагүй хэмжээгээр харлуулсан юм болов уу гэх харуусал бодол төрж байсан. Филатоватай уулзах хувь надад тохиогоогүй. Гэхдээ л энэ орос эмэгтэй монголын төлөө их зориг гаргаж байжээ гэж романаас олж харсан.

 - Энэ номд Филатовагийн тухай би бичсэн. ( ном үзүүлэв) Намайг Эрдэнэт хотын Консулийн газарт ажиллаж байхад Цэдэнбал дарга Оросын сайд нарын зөвлөлийн орлогч дарга Нуриевтай бас хамт Эрдэнэтэд зочилсон. Филатова бас дагалдаж явсан. Тэд Хивсний үйлдвэрээр орж, ажилчидтай уулзаж, ажилтай нь танилцсан. Дарга нар нь- Хивсний үйлдвэр мянга орчим эмэгтэй ажилтантай, цалин өндөр. Бүгд шахуу орон сууцанд орсон гэж дарга нарт танилцуулсан. Ажилтнууд нь худал гэж өөр хоорондоо шивнэлдэхийг сонсоод,- Энэ дарга нар худлаа ярьж байна. Хивсний үйлдвэрийн арваад эмэгтэй л орон сууцанд орсон. Тэр нь ч Хивсний үйлдвэрээс олгосон байр биш. ГОК-ийн эрчүүдтэй гэр бүл болж, ГОК -оос олгосон байранд орсон юм байна гэж Филатовад айлгүй хэлсэн. Би залуу ч байж, өөрөө. Тэгэхэд Филатова гэнэт уурлаж, - Та хоёр том удирдагч улс байж эдгээр хүмүүсийн худлаа яриаг яагаад сонсоод байгаа юм. Энэ ажилчид чинь байр байхгүй гэж Цэдэнбал даргыг загнасан. Хороолол бариулъя гэсэн саналыг Филатова тэр хоёрт дэвшүүлсэн. Эрдэнэтийн тавдугаар хороолол чинь Филатовын ачаар л тэгэж баригдсан шүү дээ. Намайг очиход дөрвөн хороолол байсан. Хичнээн хүн орсныг нь мэдэхгүй. Хивсний үйлдвэр, Хүнсний үйлдвэрийнхэн тэгэж орон сууцтай болсон түүхтэй. Зарим хүмүүс, - Яагаад муусайн Орос эмэгтэй манай Монголын дотоод асуудалд оролцох ёстой юм гэж шүүмжилдэг байсан. Филатовагийн Монголчуудад хүргэсэн тус их.

-Тэр романыг уншиж байхад , Филатоваг анх Цэдэнбал даргатай суулгахад Оросын тодорхой сонирхол байсан юм шиг байгаа юм. Сүүлдээ Филатова гаднаасаа харахад орос эмэгтэй ч, сэтгэл нь Монгол болчихсон, монголын төлөө зүрх нь цохилдог болсон юм уу даа гэж ойлгосон. Тэр үеэс л Монголчуудын оролцоотойгоор, Филатоваг Оросууд золигт гаргаж уу гэж бодогдсон.

-Эмэгтэйчүүд нөхөрт гарахдаа нэг л зорилготой байдаг гэж боддог. Хайр сэтгэл. Хүмүүс олон янзаар ярьдаг л байх.

-Монголчууд бид энэ эмэгтэйн талаар зөв ойлголтыг сэргээх ёстой юм болов уу л гэж бодогдоод..

-Тэр номыг Мэргэн гуай их сайн орчуулсан. Ер нь монголын уран зохиолд сайн орчуулга хийж яваа хэдхэн хүн бий.  Тэдний ачаар л монгол улсын оюун санааны хөгжил явж байгаа. Хамгийн сайн орчуулагч бол Н.Энхбаяр, МАХН-ын даргатдаанч улс төрийн ажил хийгээд явчихсан. С.Баяр бас сайн. Мөн л завгүй. Тэгээд Мэргэн. Цаана нь хэдхэн хүн бий.

-Нарантуяа, Нарангэрэл гээд бэлтгэгдсэн мэргэжлийн орчуулагчид бас бий шүү.

-Тийм Нарантуяа сайн. Нарангэрэл ч бас Москвад төгссөн. Ахматовын шүлгүүдийг сайн орчуулсан шүү. Элдэв-Очир, Нэргүй гээд бас хүмүүс байгаа. Элдэв-Очир гуай сая Ефремовын "Салхин зам" гэж ном орчуулсан. Зохиолч Иван Евремовыг 20-р зуунд хүмүүийн оюун ухаанд хамгийн их нөлөөлсөн гурван хүний нэг гэж америкийн судлаачид хэлсэн байгаа юм. Иван Ефремов бол Монголчуудтай их холбоотой. 1946-1950 он хүртэл Паленталогийн лабораторид ажилласан. Саяхан бид Элдэв-очир гуайн орчуулсан тэр номыг Ефремовын хүүхэд, ар гэрийнхэнд явуулсан.

-Сүүлийн үед Нэргүйн орчуулга сайн байна. Чинбаяр гээд залуу бас сайн байгаа. Дээхнэ үед Амар гуай, Бадраа гуай гээд сайн орчуулагчид байсан. Мэргэн саяхан 60 нас хүрээд гавьяаныхаа амралтыг  авсан. Телевизед олон ангит кино орчуулдаг, өдөр тутмын ажлаа болиод жинхэнэ уран бүтээлээ хийх гээд гавьяандаа гарсан боловч харамсалтайгаар нас барчихлаа. Ахиж Мэргэн гуай шиг мундаг орчуулагчийг бэлдэхэд нэг жаран хэрэгтэй байх шүү.

-Олон жил бэлдэх хэрэгтэй болох байх.

-Манай улс сүүлийн 20 гаруй жил эрдэмтдийг, бас соёл урлагийг зөнд нь хаячихлаа. Энэ салбарууд маань зөнгөөрөө л нэг явж байна. Путин гэхэд л Соёл урлагаа, шинжлэх ухаанаа дэмжих дорвитой шийдвэрийг Орос оронд гаргаж байна. Төрөөс бодлогоор дэмжиж байна.

-Монголын уран бүтээлчид, зохиолчид, орчуулагчид бол жинхэнэ амь хайргүй ажиллаж байгаа хүмүүс. Жинхэнэ эх орончид гэж нэрлэж болох байх. Номын дэлгүүрээр ороход хүмүүсийг ном сонирхох нь дээшилсэн нь анзаарагдах болсон. Намтарын ном ч их хэвлэгдэж байна. Тэр нь ч зөв.  20-р зууны хүмүүсийг бид янз янзаар ойлгодог. Түүнийг зөвөөр ойлгоход тэдгээр ном тустай.

-Бодлого үгүйлэгдсэнээс болж, монголын зохиол бүтээл гадаад хэл рүү орчуулагдах нь сүүлийн жилүүдэд үед орхигдох боллоо.

-Азийн орнуудад бодлогоор орчуулагчдаа бэлддэг. Японы зарим зохиолчид Япон улсаасаа олдож байгаа шагналаар биш гадны оронд хэвлэгдсэн номын шагналаараа илүү сайхан амьдарч байгаа. Жишээлбэл Мураками. Мураками бас монгол улстай холбоотой, Халх голын дайны тухай ном бичсэн байдаг. Миний сонссоноор хамаатнууд нь Халх голын дайнд оролцож байсан юм гэдэг. Ирэх жил Халх голын 80 жилийн түүхт ялалтын ой болно. Тал талаас нь сайн судлах хэрэгтэй. Өнөөг хүртэл нэг л талаас нь судлаад байна гэж хэлж болно.

-Ном, соёл гэдэг бол онцлогтой. Тэр тусмаа, манайх шиг жижиг орны хувьд соёлоо хадгалах, хөгжүүлэх гэдэг нь маш чухал. Ном, соёлын хувьд ч, дэлхийд дархлах, мөр тэмдэгээ дарах, үлдээх боломжийг өөр бусад улсад алдаад байна уу гэж харамсах сэтгэл төрөх юм. Жишээлбэл "Чонон сүлд " гээд романыг Хятад хүн бичээд дэлхий даяар тамгаллаа. Монгол хэлнээ орчуулагдсан. Тэрний оронд Монгол зохиолч бичиж болох л байсан даа.

-Миний бодоход ойрын хэдэн жил монголчууд дэлхийн соёлын тайзан дээр гарахыг зорих хэрэгтэй. Зүгээр л англи хэлээр дуулахад монголчууд хол явна гэж бодож байна. Саяхан Америкт сүүлчийн хоёр гурван долоо хоног "Азийн орнуудын баячууд" гэдэг кино амжилттай явж байна. Америкт байгаа хятад гаралтай эмэгтэй, Сингапураас гаралтай эрэгтэй хоёрын хайр дурлалын түүх гардаг. Ер нь азийн улс орнуудын иргэд нэлээд олон салбарт том том ажилд орж байгаагийн адил Монголчуудад ч ийм боломж бий. Монголын зураачид гадаадад их алдартай болж байна. Монгол яруу найргийг сайн орчуулах юм бол Япон, Хятадын яруу найргаас дутахгүй, илүү ч байж магадгүй. Сайн орчуулаад, сайн сурталчилаад хэвлүүлэх хэрэгтэй. Монголдоо бэлдсэн нарийн ширийн юм сайн мэддэг орчуулагч хэрэгтэй. Биднийг хойно сурдаг байхад манай багш нэг өгүүлбэрээр оюутнуудын мэдлэгийг шалгаж байсан. “Аргагүй амраг” , "Аргагүй хайр " гэдгийг юу гэж орчуулах вэ?гэж.

-Хятадын зохиолчийн "Чонон сүлд"-ийг манайхан өөр өөрөөрөө л хүлээж авсан. Миний хувьд бол уншихад маш хүнд , удаан уншигдах ном санагдсан. Маш их тоочсон. Ур чадварын хувьд доогуур. Манай зохиолчдоос Намсрай, Догмид, Баярсайхан, Жаргалсайхан, Энхболд гээд хүмүүс энэ романыг бичсэн байсан бол хэдэн тохой илүү бичих байсан даа.

-Гоголийн тухай оросын зурагтаар кинонууд их гардаг. Гоголийн бүх зохиолыг Оросын цагаан хаан санхүүжүүлдэг байсан гэдэг нэг баримт бий. Тэгвэл Цагаан хааныг дайнд оролцож байсан гэдэг бүдэг ойлголтыг нэг хэсэг нь мэддэг. Харин Гоголийг санхүүжүүлж байсан гэдгийг Орос даяар мэддэг байсан. Монголын хөрөнгөтөн баячууд ганц яруу найгчийг ганц нэгээр сонгож аваад ингэж “тэжээсэн” бол их хувь нэмэр оруулахсандаа. Энэ олон машинаас юу ч үлдэхгүй. Тэр их баян хүмүүсийн талаар хожим 20-30 жилийн дараа хэн юу ярих вэ? гэдгийг бодууштай.

-Гадаа гудамжинд өндөр сайхан барилга сүндэрлэж байж болно, өнөөдөр. Үүнээс ч сайхныг маргааш өөр нэгэн барьж чадна. Харин яруу найрагч Пүрэвдорж, Явуухулан, Лхагвасүрэн, Дашбалбарын бичсэн шүлгийг тэднээс өөр хэн ч бичихгүй. Тиймээс тэднийг хайрлах, дэмжих учиртай. Манайд бас эхлэл байна аа. Урианхай, Чилаажав, Золбаяр зэрэг хэд хэдэн зохиолчийг Баяраа гэдэг бизнесмэн ивээлдээ авсныг би мэднэ. Байр сав, унаа машин гаргаж өгсөн. Цалинжуулна. Юу ч нэхэхгүй. Та зохиолоо л санаа зовохгүй бич гэж энэхүү нөхцөлийг бий болгосон байдаг. Сайхан санагдаж байлаа.

-Тэрнээс гадна судалгааны ажил их байна. Цэдэв зохиолч нэлээн хөөцөлддөг. Монголын уран зохиолтой холбоотой архивын материалууд Орост нэлээд байгаа. Тэрийг судлаад хэрэгтэй зүйл байвал худалдаж, эх орондоо авчрах хэрэгтэй. Монголын их яруу найрагч Д.Нацагдоржийн эхнэр Ленинградад амьдарч байсан. Тэр хүний үлдээсэн юм байж болно. Ламакино гэж зохиолч байсан. Тэр хүнд олон материал байсан. Яваандаа алга болчихож мэднэ. Монголын түүхийг бодож байгаа бол Оросоос ч бай, өөр хаанаас ч бай олж судалж, авчрах хэрэгтэй.

-Нацагдоржийн эхнэр гэснээс их зохиолчийн охин Ананд-Шираг Зохиолчдын хорооны дарга Маамын үед Монголд авчирч, амьдруулсан. Улсаас хоёр өрөө байр Сансарт олгож, сар бүр цалин тэтгэмж олгож байсан. Яруу найрагч "хар" Дагвадорж гуай бид хоёр байр саванд нь Ананд-Шираг оруулж байсан юм даг.

Прибалтикад амьдардаг байсан.

-Эстонид.

-Монголын зохиолчдын хороо тухайн үедээ их нөлөө бүхий байгууллага байж. Улсаас санхүүждэг. Дэргэдээ фондтой, санхүүтэй, бас "Утга зохиол, урлаг" гээд том сонинтой. Утга зохиолыг хөгжүүлэх маш хүчтэй бодлого явуулж, жилдээ 4-6 зохиолчийг мэргэжлийн зохиолчоор ажиллуулдаг. Ажлын өрөө байраар хангаж, цалинжуулна. Утга зохилыг хөгжүүлэхэд их анхаардаг байсан байна, одоог бодоход. Миний мэдэхийн зохиолч Чойжилсүрэн мэргэжлийн зохиолчоор ажиллах хугацаандаа уран бүтээлийн томилолтоор АНУ-д зорчиж "Дилав хутагт" баримтат түүхэн роман туурвиж байсан. Ингээд бодохоор төрийн бодлого, дэмжлэг их чухал байна.

-Мэдээж хэрэг төрийн дэмжлэг байх хэрэгтэй. Миний судалснаар 90-ээд оны үед Оросын бараг бүх нэртэй зохиолчид Монголд ирж, монголын зохиолчидтой уулзалт хийдэг байсан. Айтматов гэх зэргээр та бүхэн мэдэж байгаа байх. Расул Гамзатов ирж чадаагүй ч гэсэн холбоо сайтай байсан.

-Хоёр орны зохиолчдын уулзалтыг жил бүр нэг бол Орост, нэг бол Монголд хийдэг байлаа.

-Энэ намар Баттулга ерөнхийлөгч Путинтай уулзаад том зээлийн асуудал шийдэгдэх юм бол зохиолчдыг мартахгүй юм болов уу гэх хүлээлт байна. Соёлын салбар, уран зохиолын салбарт хамтын ажиллагаатай байх, кино хийх зэргээр. Орос, Монголын уран бүтээлчдийн хамтарч хийсэн кинонууд нь сайн шүү дээ. Энэ уламжлалаа сэргээх хэрэгтэй. Ямар ч байсан харилцан ашигтай.

- Баттулгын тухай бичсэн номыг Та саяхан орчуулж гаргасан. Оросуудад гайгүй хүрсэн үү.

-Хүмүүс сонирхож байгаа. Гэхдээ, Баттулга ерөнхийлөгчийн тухай өөр ном бичих хэрэгтэй гэж би бодсон. Баттулга өөрөө бичвэл сонин. Өөрийнхөө амьдрал, ажлын тухай бичвэл хүмүүс илүү сонирхоно. Саяны орчуулдаг ном чинь Баттулгыг ерөнхийлөгч болохоос өмнө бичигдсэн учраас сүүлийн хоёр, гурван жилийн үйл явдал огт ороогүй. Тэгэхээр өөр шинэ ном хэрэгтэй. Олон хэл дээр орчуулж гаргавал дээр гэж боддог. Орост өчнөөн олон гардаг. Горбачевийн тухай, Путины тухай гэх мэт.

-Путин гэснээс Орос улсыг сүүлийн хэдэн жил АНУ- өрнөдийн зүгээс эдийн засгийн хувьд нэлээд дарамт шахалтад оруулсан. Миний харснаар бол Орос л өөрийгөө авч явж, амжилттай даван туулж хүчирхэг гүрэн гэдгээ харуулж байх шиг байна. Орос улсын Ерөнхийлөгч өөрийнх нь үйл ажиллагаатай холбоотой юм болов уу, Оросын ерөнхийлөгчийн тогтолцоо сайнаар нөлөөлж байна гэж харж байгаа. Та юу гэж харж байна.

-Орос ерөнхийлөгчийн засаглалтай байвал илүү юм уу гэж боддог. Монголын тухай яривал Чингисийн үед одоогийн их хурал үйл ажиллагаа явуулж байсан бол Чингис хааны хүүхдүүд хэзээ ч дэлхийн хэмжээний улс байгуулахгүй байсан гэж боддог. Оросын хувьд асуудал их байгаа. Хүмүүс олон янзаар хүлээж авдаг. Гэхдээ Америкийн дарамт бол хоёр талын асуудал. Америк, Европын улс орнууд өөрсдөө одоо биш ч гэсэн хохирч байгаа л даа. Хэн нэгнийг, аливаа улсыг дарамтлах хэрэггүй л дээ. Америкчуудын явуулж байгаа бодлого их ажилтад хүрэхгүй. Харахын заяа байвч хазахын заяа байхгүй.

-Тиймэрхүү л юм болоод байх шиг байна. Монгол зах зээлийн замналаар 20 гаруй жил явлаа. Монголчууд их бухимдалтай байна, ийм байгаагүй гээд та түрүүхэн хэллээ. Энэ нь өнөөдрийн нийгмийн амьдралтай холбоотой байх. Парламент гээд тогтолцоо хэн нь ч хариуцлага хүлээдэггүй ийм тогтолцоо бий болчихсон. Энэ тогтолцоог та юу гэж бодож байна. Өөрчлөх ёстой юм болов уу?

-Нэг өгүүлбэрээр хариулах хэцүү байна даа.

-Гэхдээ хариуцлагагүй байдал таньд анзаарагдаж байгаа бай.

-Тэр бол тийм.

-Өнгөрсөн оны сүүлээр Ричард Гир монголд ирсэн. Уулзаад нэг ширээний ард суух завшаан олдсон. Түүнийг ирснийг тохиолдуулан уулзсан хүн болгон л болгон л түүнээс юм гуйх, салгах гэсэн бололтой тэрбээр бага зэрэг тээршаасан өнгөөр, - Монголчууд та нар хэн бэ? Та нар хэн байснаа санаач, хэн болсноо тунгаагаад үзээч. Магааш хэн байх вэ гэдгээ эргэцүүлээч гэхийг сонссон. Энэ үгийг сонсоход бол бидний төлөө л бачимдаад байгаа юм болов уу гэж давхар санагдсан шүү.

-Монголын эмэгтэйчүүд Ричард Гирд хайртай юм шиг байгаа юм даа. Ялангуяа сайхан хүүхнүүд нь. Кинонцы дэлгүүрт болсон тэр хэсгээс үзэх юм бол монголын бүх эмэгтэйчүүд эрчүүдээсээ ийм юм хүсээд байгаа юм болов уу.

-Тэр хүн өөрөө их шашинлаг, буддын шашинг дэмждэг. Миний ойлгосноор буддын шашны талаар уран сайхны кино хийх бодолтой газраа сонгож явсан гэж анзаарсан. Хятадад хийх гэхээр бүх нөхцөл бололцоо байдаг. Гэтэл Далай ламын асуудлаас болоод Хятадад хийх хаалттай. Тэгээд монголд нөхцөл байдал ямар байна гэж судалж явсан юм шиг санагдсан.

Та бид хоёрын ярилцлагын цаг өндөрлөж байна. Бидэнд нэмж хэлэх, сонирхуулах зүйл байгаа байх. 

-Миний сонирхуулах юм миний хэдэн номонд байгаа. Өчигдөр Петербургээс миний хэдэн найзууд ирсэн. Монголын талаар баримтат кино хийх бодолтой байгаа гэсэн. Би бол судалгааны ажлаа л үргэжлүүлж яваа. Их сонирхолтой сэдвүүд байна л даа. Тухайлбал цайны замын тухай. 19-р зуунд Орос судлаачийн бичсэн ном орчуулж байгаа. Ариунболд гээд зураачтай хамтарч байгаа. Зогсохгүй урагшаа явах хэрэгтэй гэсэн л бодолтой байна.

-Та нэвтрүүлгийн эхэнд Оюутолгой , Эрдэнэт хоёрын тухай харьцуулаад ярих зүйл надад бий гэсэн.

-Эрдэнэтэд үйлдвэр байгуулахын зэрэгцээ хүмүүсийн амьдрах газар. сургууль цэцэрлэг зэргийг нь цогцоор нь шийдсэн. Оюутолгойд очиж үзсэн. Орон сууцгүй. Настай хүмүүс, хүүхэд,нохой, муур, цагдаа байхгүй. Архичин бас байхгүй. Нэг талаасаа зүгээр ч юм уу. Нөгөө талаасаа тэд нар хөрөнгөтний аргаар ажиллуулж байгаа учраас хүмүүсийн амьдрах, эмчилгээ хийлгэх, сургуульд сурахыг үл тоож байна. Эрдэнэттэй харьцуулахад бол. Цаашдаа энэ асуудал яригдаж шийдвэрлэх байх гэж бодож байна. Мэдээж хэрэг дэлхий даяарх том байгууллага. Монголын гадаад яаманд ажиллаж байгаа хүмүүс сайн туршлагатай бэлтэгэгдсэн хүмүүс байгаа шүү. Аль болох африкийн замаар биш өөрсдийн замаар л явбал гайгүй байх.

-Эрдэнэтийн хувьд Монголын өнгөрсөн зууны хамгийн том бүтээн байгуулалт мөн. Нөөц баялгийг 60 жил сунган ашиглах бололцоотой гэсэн сайн мэдээг Бадамсүрэн захирал дуулгасан. Эрдэнэттэй ойрхон газар мөн том орд илрүүлсэн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Ингээд харвал хотын амьдрал цаашид он удаан жил үргэлжлэх бололцоотой гэж харагдаж байна. Оюутолгойн хувьд ч би тантай адил шүүмжлэлтэй байр сууринд байсан. Гэтэл асуудал бас байна. Сүүлийн жилүүдэд Моносити гэдэг нэр томьёо газар авсан байна. Энэ бол уурхай дагасан хот буюу уурхайн баялаг дуусахаар орхигддог хотын асуудал. Ялангуяа Австрали зэрэг уурхай хөгжсөн улс оронд энэ асуудал их нүүрлэсэн байна. Уурхайн баялаг дуусахад , уурхай дагасан хот хаягдаад  балгас болдог. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг зүйл их яригдаж байгаа юм байна. Тиймээс хот байгуулахгүй байх нь хамгийн зөв юм гэсэн шийдэлд дэлхий нийтээрээ хүрч байгаа тухай саяхан олж уншлаа. 

-Ялангуяа гадаадын туршлагыг сайн судлах хэрэгтэй.

Оюутолгойн гэрээг өөрчлөх шаардлагатай байх. Та монголын эдийн засаг шинэ эхнэр авч байна гэсэн хэллэг гаргасан байсан. Оросуудтай хамтрах нь багассаныг хэлсэн байх. Одоо бол хамтын ажиллагаа төмөр зам байна.

-Төмөр замыг хоёр улсын удирдагчид уулзахдаа хэлэлцэх байх. Ирэх жил 70 жилийн ой болно. Их сонин түүхтэй, ээдрээтэй, хэн нь барьж байгуулсныг хэн ч ярихгүй. Аль аль тал нь. Улс төрийн хоригдлууд ч барьсан байх, 505 гэж байгууллага ч байсан. Оросын зохиолч Солженицин хүртэл бичиж байсан. Их юм бичээгүй ч гэсэн тэмдэглэж байсан байдаг. Түүх бол түүх. Тэрийг судлах хэрэгтэй.

-Баттулга, Путин ерөнхийлөгчийн ээлжит уулзалт нэлээд олон асуудлыг тодорхой болгох байх. Өмнөхөө ярьсан хэлснээ ч дүгнэх болов уу. Миний мэдсэнээр Эрдэнэс тавантолгойн нүүрсийг Дорноговиор дамжуулаад Орос руу гаргаад, нүүрсээ дэлхийн зах зээлд гаргах хоёр дахь гарцыг нээх ажил зогсолтгүй явж байгаа. Нэг хэлтэйгээс хоёр хэлтэй нь, хоёр хэлтэйгээс гурван хэлтэй нь дээр гэж Та хэлж байсан. Нэг эсвэл хоёр хилтэй байх огт өөр зүйл гэж та хэлж байсан. Түүн шиг хоёр дахь гарцыг нээвэл улс орныг хөгжил илүү хурдан урагшлах байх.

-Тэгэж найдья.

-Комментатор нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч, хөөрөлдсөнд уншигч, үзэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Таны бүтээл өндөр байг. 

Таны холбосон Монгол -Оросын гүүр улам өргөн, улам хөдөлгөөнтэй байх болтугай гэж ерөөе.

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?