ШУТИС гэдэг их айлын номын сангийн үйл ажиллагааг нэр төртэй гүйцэтгэж сургалт, судалгааны орчинд заавал оршин тогтнох ёстой номын санг дэлхийн жишигт хүргэж хөл нийлүүлэн авч яваа Доктор, профессор Ч.Гулнарын ажлын өрөөгөөр зочиллоо.
Таны ажил өндөр үү? Оюутнууд цуглачихсан танай эрдмийн өргөө хөл даржээ?
Тийм шүү. Есдүгээр сард хийх ажлаа төлөвлөчихсөн нэг нэгээр нь гараас гаргаад л сууж байна даа.
Хүндэт профессор болсонд тань юуны өмнө баяр хүргэе.
Баярлалаа. Энэ хичээлийн шинэ жилээр СУИС-ийн хүндэт профессор боллоо. Номын санчдыг бэлтгэдэг СУИС-ийн эрдмийн хамт олон эрдмийн зөвлөлдөө талархал илэрхийлж байна. Дэвшилтэт номын сангийн үйлчилгээг их дээд сургуулийн номын санг онлайн болон нээлттэй мэдээллээ солилцох орчинг бүрдүүлж, профессор багш нарын эрдэм шинжилгээ судалгааны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох үйлст хувь нэмрээ оруулсныг минь үнэлжээ гэж хүлээн авсан.
Таны бодлоор ажлын өрөө ямар байх ёстой вэ? Таны баримталдаг зарчим гэвэл.
Миний өрөөнд ШУТИС-ийн үе үеийн эрдэмтэн багш нарын маань цугларч хурал зөвлөгөөнөө явуулдаг , их л олон хүний эрдэм мэдлэг цацарч байдаг өрөө. ШУТИС-ийн редакцийн зөвлөл, олон улсын мэдээллийн санг ашиглах, гадаадад ном захиалах тухай профессор багш нар тогтмол чуулдаг юм. Ажлын өрөө ер нь цэгцтэй, ая тухтай байх хэрэгтэй. Би гэртээ тавгүйтвэл ажил руугаа ирдэг. Хүн өөрөө орчноо бүрдүүлэгч, өөрөө бүтээгч байх ёстой. Би энэ өрөөндөө 2009 оноос хойш ажиллаж байна. Ер нь ажиллаж байсан бүхий л газрынхаа өрөөнд газрын зураг байрлуулдаг. Учир нь газарзүйн хичээлийг бид үздэг байсан шүү дээ ямар тив, улс хаана байдаг вэ гэдгийг бүгдийг нь нэрлэж мэддэг байлаа. Энэ газрын зургийг багш байхаасаа л авч явж, ханандаа өлгөж байна.
Үндэсний бахархал тээсэн хоёр чавхдаст домбор хөгжим маань энд байна. Энэ дээд талд нь байгаа шар шувууны өд их сонин эд. Ширхэг нь их нарийн ширхэг болгон нь судрын ном уншлагатай байдаг болохоор хэл ам, сайн муу юмнаас хамгаалдаг учиртай юм.
Энэ газрын зураг сонирхол татаж байна.
Би сүүлийн 10 жил Америкийг олон удаа зорилоо. Энэ газрын зурган дээр Америкийн 20-иод мужаар машинтай явсан километрээ тооцож улаан өнгөөр очсон газар мужуудаа он сартайгаа бичиж тэмдэглэсэн.Төрсөн өдрөөрөө авч байсан сайхан бэлгүүдийн нэг.
Ханын шүүгээнд өрсөн зүйлсээ танилцуулаач?
Би ОХУ-ын мэдээллийн сангийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг. Сургалт явуулах, мэдээллийн санг таниулан сурталчлах эрхийг надад олгосон итгэмжлэх. 2019 онд манай ШУТИС-ийн 60 жилийн ой тохионо. Би энэ зурагнууддаа маш их хайртай.
Сургуулийнхаа 55 жилийн ойгоор эрдэмтэн эмэгтэйчүүдтэйгээ авахуулсан дурсгалын зургаар өрөөгөө чимсэн байгаа. МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай бид хоёрын санамсаргүй авахуулсан их сайхан зураг. Дөрвөн жилийн өмнө Эрдмийн зөвлөлийн хурал тохиож ийм зураг үлджээ. П.Очирбат гуай ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлд байдаг. Бид хоёрын өрөө хөрш. П.Очирбат гуай биднийг үйлдэл, үгээрээ хүмүүжүүлсээр энгийн даруу ихэмсэг оршиж яваа. ШУТИС-ийн удирдлагын шийдвэрээр, профессор багш нар редакцийн зөвлөл байгуулаад, үндсэн 60 шигшмэл сурах бичгийг өөрийн сургуулийн хэвлэлийн газраар дамжуулан хэвлээд эх 8 номоо өлгийдөж авсан маань энэ.
Олон улсын мэдээллийн санг Монгол Улс хэрэгжүүлсэн байдаг. Энэ мэдээллийн санд төрийн 5 их дээд сургууль ШУ-ны академийн хамтын ажилд манайх тэргүүлсэн. Энэ бол манай хамт олны уншигчдадаа, багш нартаа хүргэсэн их том үйл ажиллагаа болсон.
Ээждээ зориулж ном бичсэн гэсэн?
Би ээжтэйгээ хамт амьдардаг. Ээж маань 90 гарч яваа сайхан буурай бий. Ээж нэг өдөр надад "Хүмүүсийг бурхан болсон хойно нь л дурсамж ном гаргах юм. Чи намайг байгаа дээр дурсамж ном бич" гэж хэлсэн юм. Үр хүүхэд ач гуч нь хойчдоо бахархаж явахад хэний удам судар, ямар хүн бэ гэдгийг мэдэж байх их чухал тэр бүхнийг багтааж бичсэн. Саяхан ээжийн маань номын нээлт болсон. Номны нэрийг Казах хэл дээр нэрлэсэн. Аз ана, айей тате - эрхэмсэг агуу дэлхийн ээж , гое эгч казахын ард тумэн авгайлан дууддаг их хүндэтэй нэр.
Энэ номнуудын тухай?
Надад зориулсан, магтан дуулсан шүлгүүд багтсан номнууд байгаа юм. Шүүгээндээ хадгалахаас өөр аргагүй сайхан эд шүү. Энэ жаазалсан “Үлэмжийн чанар”-ыг олон жилийн өмнө нэг хүн бэлэглэсэн юм. Энэ ярилцлагыг олж уншвал тэр хүн их л баярлах байх даа.
Ширээний номоо танилцуулаач?
А.Дюмагийн зохиолуудыг унших дуртай. Уг зохиолчийнх нь хувь чанар өөрөө их өвөрмөц давтагдашгүй санагддаг. Дюмагийн ээлжит илэрхийлэмж юу болохыг унших гээд догдолж байна. Залуу бүсгүйчүүд уншихад зүгээр байж мэднэ. Уншаарай гэж хэлмээр байна.
Би саяхан эмээ болсон. Их л оройтож эмээ болсон. Ач хүү минь надад амьдралын баяр жаргал бүхнийг өгдөг. Утас унтрахаар цэнэглэдэг шиг миний хувьд их ажлыг хийх эрч хүч амьдралын цэнэглэгч юм.
Улаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр авч тэмдэглэлээ хөтөлдөг. Саяхан болсон төрсөн өдрөөр маань П.Очирбат гуай энэ гоёмсог дэвтрийг бэлэглэсэн юм. "Төрсөн өдөртэй байх Аз жаргалын үүд. Тэмдэглэлийн дэвтэр хөтлөх Амьдралын үнэн түүх" гэж их сайхан бичсэн байгаа биз.
Та Баян-Өлгийд номын сан нээсэн гэсэн?
Тийм ээ. Баян-Өлгий аймгийн Толбо сумын ЕБС-д бурхан болсон нөхрийнхөө нэрэмжит номын сан нээсэн.
Таны өрөөг өдөржин сонирхсон ч уйдахааргүй, бас их тухтай юм. Энэ шургуулгыг онгойлготол таны үнэртний цуглуулгуудыг гараад ирлээ.
Тийм ээ? Үнэртэнд дургүй хүн байдаггүй шүү дээ.
Монголчууд далны ясыг утга учиртайд тооцдог. Таны ширээн дээр бас харагдлаа?
Энийг миний шавь бэлэглэсэн юм.
“Ном бол ертөнцийг харах” цонх гэдэг ертөнцтэй холбогч, хүмүүжүүлэгч, ухааруулагч ийм сайхан алба хариуцаж ажиллаж түмэн олны тархийг цэнэглэж, мэдлэгийн уурхайд галч хийж яваа танд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.
ЯРИЛЦСАН : Ц.ТЭГШБУЯН
ГЭРЭЛ ЗУРГИЙГ : О.НАНСАЛМАА