Төв аймгийн Зуунмод хотод "Монгол туургатан" театрын шинэ барилга өнөөдөр үүд хаалгаа нээлээ. Тус театрын шинэ барилга нь 800 хүний суудалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэгдсэн их, бага гэсэн хоёр танхимаас бүрдэж байгаа юм. Анх 1932 онд Улаан гэр нэртэйгээр байгуулагдаж байсан энэхүү театр нь Аймгийн клуб, Театр зэргээр нэрлэгдэж явсаар 2007 оноос эхлэн өнөөгийн "Монгол туургатан" хэмээх театр болон өргөжсөн байна. Улмаар 2009 оны наймдугаар сарын 14-нд Монгол Улсын Засгийн газрын 254-р тогтоолоор Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Д.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Монгол туургатан" театр болжээ. Энэхүү театраас Ш.Эрдэнэчулуун, Р.Банзрагч, С.Вандан, Д.Дуламсүрэн зэрэг нийт 12 МУГЖ-д төрөн гарсан түүхтэй юм.