БСШУСЯ : АНГИ ЗАСВАРЫН МӨНГИЙГ ЯАМНААС ХОРИГЛОХ ЭРХГҮЙ

2019-06-11  

Ерөнхий боловсролын сургуулийн хичээл тарж, төгсөх ангийн сурагчид элсэлтийн шалгалтдаа бэлтгэж байгаа цаг үеийг тохиолдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг анги засварын мөнгөний асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр сургууль, цэцэрлэгийн анги засвартай холбоотойгоор эцэг, эхчүүдээс их хэмжээний мөнгө татаж, үүний улмаас хууль хяналтын байгууллагад багш нар шалгагдаж байгаа зүйл байхгүй. Харин ч боловсролын байгууллагууд АТГ-тай хамтран авлигын эсрэг нийгэмд зөв мэдээлэл түгээх чиглэлээр хамтарч ажиллаж байгааг дуулгасан юм.

Ё.Баатарбилэг сайд үргэлжлүүлэн “Боловсролын тухай болон Төсвийн тухай хуульд сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбоотой хандив тусламж авахтай тухай заалт бий. Хуулийн хүрээнд бүх зүйл явж байгаа. Анги засвартай холбоотой багш нар хүүхдүүдээ есдүгээр сарын 1-нд хичээлдээ ороход нь аятайхан орчинтой угтая гэж эрмэлздэг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдийн санаачлагаар анги засварын ажлыг хийдэг. Түүнээс биш сургууль, цэцэрлэг зохион байгуулалттайгаар мөнгө хураадаг зүйл байхгүй. Ихэнхдээ 5-15 мянган төгрөг хураадаг юм байна. Үүнийг их хэмжээний мөнгө авч, багш нар хувьдаа зарцуулаад байгаа мэтээр буруу мэдээллийг санаатайгаар тарааж байгаад салбарын сайдын хувьд харамсаж байна. Өнөөдөр Монгол Улс нэг хүүхдэд 1.4 сая төгрөгийн боловсролын үйлчилгээ үнэгүй үзүүлж байгаа. Улсын хэмжээнд нэг сая хүүхэд суралцаж байна. 260 мянган хүүхэд цэцэрлэгт, 600 мянган сурагч ерөнхий боловсролын сургуульд, 160 мянган оюутан их, дээд сургуульд суралцаж байгаа бол 100-аад мянган хүн боловсролын байгууллагад ажиллаж байна. Энэ том салбар хүүхдэд ээлтэй орчин болж чадсан. Оны эхний хагас жилийн байдлаар хүүхдийн эрх зөрчигдсөн 680 тохиолдол илэрсэн бол 660 нь сургалтын бус орчинд бүртгэгдсэн байна. Боловсролын салбар харьцангуй авлигагүй, хүүхдийн аюулгүй орчин бүрдсэн орчин болсон. Тиймээс эцэг, эхчүүд хариуцлагатай байх цаг болсон. Бид үүнийг илүү сайжруулж, эцэг, эхчүүд болон сургууль цэцэрлэгийн удирдлага, багштай гурвалсан гэрээ байгуулна. Өнөөдөр эцэг, эхийн үүрэг тодорхой бус байна. Хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаардаггүй. Сургалтын бус цагаар нь хүүхдээ юу хийж байгаад анхаарал хандуулдаггүйгээс болж жил тутамд олон мянган хүүхэд осол, гэмт хэрэгт өртөж байна. Тиймээс ирэх хичээлийн жилээс эхлээд эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулж, үүргийг нь байнга сануулж ажиллана” гэсэн юм.

Тэрбээр мөн "Боловсролын байгууллагаас зохион байгуулалттайгаар анги засварын мөнгө татаагүй. Гэхдээ эцэг, эхчүүдийн санаачлагыг хориглох эрх яаманд байхгүй" гэлээ.

Дашрамд дурдахад, Энэ жил улсын хэмжээнд 43 мянган хүүхэд есдүгээр анги, 18 мянга хүүхэд 12 дугаар анги төгсөж байгаа бол 80 гаруй их, дээд сургууль элсэлт авч байгаа аж.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?