“Шинэ эрин” сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн 4 нь алдаатай байсан асуудлаар сурагчдын эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийсэн.
Кэмбрижийн сургалттай 3 сургуулийн нэг болох “Шинэ эрин” сургууль нь 2019 оны 6-р сарын 16-нд шинээр дунд ангид элсэх шалгалтаа 25 мянган төгрөгийн бүртгэлийн хураамжтайгаар нийт 1250 сурагчдаас авсан байна.
Шалгалт дууссаны дараа тэнцсэн 48 хүүхдийн шалгалтын хариу шууд гаргасан. Гэтэл шалгалтанд оролцсон сурагчид шалгалтын материал алдаатай байсан хэмээн ээж аавдаа хэлсэн байна.
Эцэг эхийн төлөөлөл Б.Энхбаяр хэлэхдээ “Шинэ эрин” сургууль эцэг эхчүүдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, шалгалтын “А” вариантын 28, 40 дэх бодлого, “В” вариантын 18, 40 дэх бодлогууд алдаатай байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг.
Тус шалгалтын материалд 4 алдаатай бодлого оруулсан нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл, үүнийг тус сургууль анхааралдаа авах хэрэгтэй. Сурагчид нэг бодлогыг 10-15 минут бодож маш их хугацаа зарцуулсан. Бид БСШУCЯ-д өргөдөл гаргасан ч “Шинэ эрин” сургуулийн захиргаа асуудлаа шийдэх болно гэж мэдэгдсэн. Тиймээс эцэг эхчүүд бид дахин шалгалт аваасай хэмээн хүсэж байна” гэж мэдэгдлээ.
Цаашид сургуулиуд элсэлтийн шалгалт авах материалаа сайтар хянаж байхгүй бол энэ мэт алдаанаас болж олон хүүхэд сэтгэл санаа, цаг хугацаагаараа хохирч байна.
А.АРИУНЖАРГАЛ