Нүүр   /  

Ж.САРУУЛДАЛАЙ: "НУЛИМС УРСАХ ЧИМЭЭ"

2020-05-13  

Би өөрийгөө шүлэг бичдэг гээд боддог болчихсон "Хэвлэлийн бирж", "М.Цэдэндоржийн цэцэрлэг"-ийн "гишүүнээр элсчихсэн" Ш.Уянга, Ж. Болд-Эрдэнэтэй танилцчихсан, Т..Содномнамжил, Ц. Батбаатартайгаа нөхөрлөчихсөн үедээ Дарамын Батбаяр гэдэг агуу ертөнцтэй эртний сайхан ерөөлөөр учирч багш шавь барилдсан билээ. Анхандаа урланд нь нилээд хэдүүлээ байсан боловч сүүлдээ "хөгшин оюутан" би бээр л ганцаар үлдвэй. Тийнхүү яруу найргийн "онол" гээчийг эрхэм багшаар заалган суусан бөлгөө. Багш маань дэлхийн болон Монголынхоо найрагчдын бүтээл туурвилыг задалж танилцуулахын зэрэгцээ зохиолчын амьдралаар амьдарч яваа ахмад хүний хувьд надад хэрэгтэй сургамж зөвлөгөөг харамгүй өгдөг байлаа. -Яруу найраг нь дэндүү төлөөс ихтэй урлаг, нэгэнт түүнд дурлан тэмүүлвээс бүхий л амьдралаа өгч байж л дуусдаг, -Яруу найраг гэдэг нь найрал дуу бус нулимс урсах чимээ... хэмээн захидаг байлаа. Ялангуяа "яруу найраг-найрал дуу бишээ" гэсэн үг нь надад гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн тул, өөрийн бичсэн хэдэн шүлгээ "найрал дуу" мөн бишээр ялгаж, басхүү олон шүлгээ эргэлзэлгүй шатааж орхисон. Ингэхэд минь Д.Батбаяр багшийн "хүчтэй яруу найрагч л шүлгээ шатааж чаддаг юмдаа " гэсэн үг нөлөөлсөн нь мэдээж. ...Дурсгалт тэр цагаас хойш би хорь илүү жил үзэг цаас нийлүүлж одоо нэгэнт өөрийн амьдралаа, номгүйгээр, шүлэггүйгээр төсөөлж үл чадах нэгэн болжээ. Миний амьдралын азтай хийморьтой, зовлонтой жаргалтай бүхэн ямар нэгэн байдлаар яруу найраг, утга зохиолтой холбоотой байж, утга зохиолын гэгээн буянаар олон зүйлийг үзэж, нүд нээжээ. Мөн "тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй ээ" гэдэг шиг ямар ч шүлгийг сонсоод (уншаад гэвэл илүү зохимжтой) сайн муу, худал үнэнийг нь ялгахтай болжээ. Худал гэдэг нь тухайн бичээч маань шүлгээ үнэн сэтгэлээсээ, зовлон гунигаасаа, хайрлах санагалзахын агаараас бичиж үү гэдгийг нь л "харна" гэсэн үг л дээ. Намайг ийм "хурц хараатай" болгосон зүйл бол нөгөө л багшийн минь "найрал дуу юу, нулимсны чимээ юу " гэсэн сонгодог асуулт, мэргэн харьцуулалт л даа. Багшийн энэ үг "Амрагийн тэнгэр" номонд нь афоризм болон орж, одоогийн олон ч шавь нар нь ишилдэг болсон. Сүржигнэсэн, дүвчигнэсэн эс бөгөөс хэт уянгалсан, үгээр чамирхсан шүлгийг таашаахдаа тааруухан, товчхондоо бол "нулимс, урсах чимээтэй" бичвэрийг л жинхэнэ яруу найраг мөн гэж хүлээж авдаг болжээ би. Миний шатаасан тэр хэдэн "Тавын дэвтэр" дотор бас ч гэж "шүлэг төсөөний юм" байсан санагддаг юм. Гэхдээ л яруу найраг утга зохиолыг ойлгох, харах нүдийг минь шинээр нээж, хэрэггүй баахан ачаанаасаа салах арга ухаан хайрласан багшдаа би үргэлж талархаж явнаа. Багш тандаа мөргөмүй...

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?