Нүүр   /  

ЦАР ТАХЛЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ, СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ...

2020-05-14  

Цар тахлын нөхцөл байдал, сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонслоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXIII хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Шинэ төрлийн коронавурист халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар болон Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг сонсож, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх товтой. Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээллээ хийж Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 18-аар нэмэгдсэн талаар мэдээллээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвар дэлхийн 215 оронд тархаж  дөрвөн сая гаруй хүн өвчилснөөс 1.5 сая хүн эдгэрч, 300 мянга орчим хүн нас барсан мэдээлэл бий. Монгол Улсад бүртгэгдсэн тохиолдлууд зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын тоонд Монгол багтаж байгаа юм.

Нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагууд Улаанбаатар хотын эрсдэлийн үнэлгээ хийж, төлөвлөгөөт арга хэмжээ хэрэгжүүлж байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулав. Танилцуулгад дурдсанаар, нийслэлийн есөн товчоонд “Эрүүл мэндийн хяналтын цэг” ажиллуулж эхэлсэн бөгөөд Улаанбаатар хот руу орж, гарч буй хөдөлгөөнийг бүрэн хяналтдаа авчээ. Тус цэгт эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагын ажилтнууд 24 цагийн хяналт тавьж байгаа аж. Мөн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардлагатай хөрөнгийг шийдэж, мэргэжил, арга зүйн зааварчилгаа, сургалтыг тогтмол орж байгаа аж. Түүнчлэн Нийслэлийн Хот тохижилтын газар болон дүүргүүдийн ТҮК-иуд цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд есөн дүүргийн 8200 км авто зам, 900 мянга гаруй км талбай, нүхэн жорлон болон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан төлөөлөгчид хатгалгаа өвчнөөр нас барах тохиодлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээг тодруулав. Мөн цар тахалтай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа доголдож, төсвийн орлого тасарсан, эсэхийг лавласан юм. Болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах хүрээнд Яармаг дахь эмнэлгийн байгууламжийг ашиглалтад оруулж, өвчтөн хүлээн авах боломжийг хангасан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хэллээ. Мөн хатгалгаа өвчнийг оношлох, ӨЭМТ-ийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах хүрээнд тодорхой санхүүжилтийг шийдвэрлэн, дэмжлэг үзүүлж байгаа талаар онцлов.
Нийслэлийн төсвийн татварын болон өмч хувьчлалын орлого өнгөрсөн сарын 30-ны байдлаар тасарсан хэдий ч зардалд нөлөөлөх хэмжээнд хүрээгүй гэдгийг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү хэлэв. Цар тахалтай холбоотойгоор нийслэлийн орлого тасарсан хэдий ч иргэд, аж ахуйн нэгжийг дарамтад оруулахгүй байх чиглэлээр арга хэмжээ авна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тодотгосон.
Сонсголын төлөөлөгчид хороодод ажиллаж буй албан хаагчдыг биеийн халуун хэмжигчээр хангах, хатгалгаа өвчнийг бууруулахад анхаарал хандуулж ажиллах, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн түрүүнд дэмжиж ажиллах хэрэгтэй зэрэг санал хэллээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн ИТХ-аас Улсын болон Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж, эрчимжүүлэх, ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад өгч буй давтлага хичээлийг сайтар зохион байгуулах болон олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх болон дотоод дахь хяналтаа сайжруулахыг тэмдэглэлээр холбогдох албанд үүрэг болгов. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан "Урин дулаан цаг ирж буй учраас хүүхэд багачууд гадуур явж, иргэдийн анхаарал сулрах байдал ажиглагдаж байна. Тиймээс иргэдийг сонор, сэрэмжээ бууруулахгүй байхыг уриалъя. Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид онцгой нөхцөлд ажиллаж буй албан хаагчдыг дэмжих чиглэлээр шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлийн иргэдээ аюулт өвчнөөс хамгаалахад идэвхтэй оролцоорой" гэсэн юм. 

 

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?