Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд зургаан дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажил хийгдэж байгаа билээ.
Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын гэр хорооллын түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Учир нь гэр хорооллын иргэд маань амьдарч байгаа орчноосоо төрийн үйлчилгээг авах, нийгмийн дэд бүтцээр хангагдсан орчин нөхцөлд сурч боловсрох, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв, залуучуудыг хөгжлийг дэмжсэн бизнес инкубатор төвтэй, гэр бүлийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гээд олон боломжийг бүрдүүлсэн төв гэлээ.
Төслийн 1 дүгээр шатны хүрээнд Баянхошуу дэд төвд 162 га-д шаардагдах дэд бүтэц, инженерийн бэлтгэл хангагджээ. Баянхошуу дэд төвийн 3,600 өрхийн 14 мянган иргэн инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах боломжтой болж нэг төвтэй хотоос олон төвтэй хот болж хөгжих боломж бий болж байна