АНГЛИЙН КЛУБҮҮД ЕВРОПА ЛИГИЙН БҮХ ЦОМЫГ НУТАГ РУУГАА ЗӨӨХ ҮҮ?

2024-03-18  

    Европын Хөлбөмбөгийн Холбооноос  тивийнхээ клубүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг Аваргуудын Лиг, Европа Лиг, Конференсе Лиг ( Шат шатны) гэсэн гурван  томоохон тэмцээний  шөвгийн найман багууд шигшэгдлээ. Дээрхи гурван Лигийн шөвгийн наймд  Английн Премьер Лигийг хошуучилж буй Арсенал, Ливерпуль,  Манчестер Сити,  Астон Вилла багууд Вест Хэмийн хамт шалгарсан. Аваргуудын Лигт  Английн Премьер Лигийг хошуучилж буй Арсенал - Байер Мюнхен( Герман), Аваргуудын Лигийн өнгөрсөн улирлын аварга болох  Манчестер Сити- Реал Мадрид ( Испани) ,  Европа Лигт   Премьер Лигт хоёрдугаарт жагсаж буй Ливерпуль- Аталанта ( Итали),  Вест Хэм- Леверкузен ( Герман),  Конференсе Лигт Астон Вилла - Лилле (Франц) багтай тус тус оноолт  таарсан.
  Конференсе Лигийн өмнөх шатанд Голландын алдарт  Аякс клубыг талбай дээрээ 4:0- ээр бут ниргэсэн, өдгөө Премьер Лигийн дөрөвдүгээрт эрэмблэгдэж буй Астон Вилла баг өнгөрсөн улиралд тус лигт  түрүүлсэн Английн Вест Хэм багийн амжилтыг давтахыг зэхэж байна.  Тус багийн дасгалжуулагч Унай Эмерийн  Испанийн багтай  Европын цомыг өмнө нь  гурвантаа өргөсөн туршлагад нь фанатууд нь ийнхүү давхар итгэж найдна.  Тэгэж чадвал Европа Лигийн энэ улирлын  нэг цом Английн клубынх болно.
   Удаах буюу,  Европа Лигийн цомыг өргөх магадлалтай багаар Английн Ливерпуль,  Германы Леверкузен багийг мэргэжилтнүүд  нэрлэжээ. - Яг өнөөдөр Ливерпуль багийн өмнө тэсэж үлдэх  баг олдохгүй болсон. Тус багийн довтолгоон бол яг л цунами  шиг нөмөрч байна лээ гэж Английн аварга Манчестер Сити багийн дасгалжуулагч Пеп Гвардиолла саяхан тэдэнтэй 1:1-ээр  тэнцсэний дараа ингэж үнэлсэн. Түүний гол өрсөлдөгч Германы Леверкузен багийн хувьд  Бундеслигт түрүүлэх нь ойлгомжтой болсон. Хэдий тэд туйлын өнгөтэй  байгаа ч,  энэ удаад Ливерпуль багийг хүчрэхгүй л болов уу. Энэ тооцоогоор  Ливерпуль баг түрүүлж гэмээнэ  Европа Лигийн бас нэгэн  цом Английн клубынх болоход ойрхон.
  Харин Европа Лигийн гурав дахь буюу, хамгийн нэр хүндтэй цом Английн клубынх болж чадах уу? гэдгийн хариуг хэлэхэд амаргүй. Европын нүүр царай болсон том клубүүд Аваргуудын Лигт  хүч үзнэ.  Испанийн гурав, Английн хоёр, Германы хоёр, Францын нэг баг шөвгөрсөн.  Гагцхүү Серия-А л нэг ч төлөөлөлгүй хоцорсон.  Аваргуудын Лигт  өмнө нь  гурван удаа Германы машинд цөм цохиулсан  Арсенал энэ удаад хүчирхэгжиж,  амар дийлдэшгүй  болж эргэн ирсэн.  Байер Мюнхэн багийн уналт, Арсенал багийн сэргэн мандалтын үе.  Хэдийгээр  сүүлийн хэдэн тоглолтонд  Байер Мюнхен  эргэж хуучин тоглолтондоо орж буй ч,  Арсенал багийн довтолгоог тогтоож чадахгүй гэж мэргэжилтнүүд үзэж буй. Тэд Байер Мюнхен багийг давж чадваас  Манчестер Сити- Реал Мадрид багийн ялагчтай тулна. Өөрөөр хэлбэл Английн нэг л баг финалд хүрэх гарцтай.
Английн хоёр дахь баг,  өнгөрсөн улирлын Аваргуудын Лигийн аварга МСИ баг Испанийн домогт Реал Мадрид багтай гурав дахь улиралдаа дараалан таарав. Эхний учраад  "Реал Мадрид"  сүүлчийн мөчид хожлыг сугалж авсан бол, хоёрдахийг нь "МСИ" үнэн хүчээр ялсан. Гурав дахь удаагийн энэхүү оноолт бол  хайнаа хагалах шийдвэрлэх  тоглолт болно.  - Манай багийн хүсээгүй оноолт бол Английн "Манчестер Сити" баг . Амсхийх зав чөлөө өгөлгүй, зай завсаргүй  довтолдог онцлогтой. Сүүлийн жилүүдэд  хамгийн тогтвортой амжилт үзүүлж буй клуб. Тоглолт нь бүрэн тогтсон,  маш эвгүй учраа . Гэхдээ яая гэхэв. Тавилан юм байлгүй. Бидний хэн хожсон нь л аварга болно. Тэгэхээр финалын буюу " үхлийн" тоглолт гэж нэрлэж болно гэж Реал Мадрид багийн дасгалжуулагч Анчелотти харуусан хэлсэн. 
- Аваргуудын Лигийн шөвгийн наймд сул баг шалгардаггүй. Реал Мадрид бол  Аваргуудын Лигт хамгийн олон түрүүлсэн баг. Хожигдоно гэдгийг мэддэггүй, Европын хүчирхэг баг.  Тиймээс тэдэнтэй хийх тоглолт бол эцсийн тулаан шиг хүнд байх болно.  Гурав дахь улиралдаа тэдэнтэй дараалан таарна гэдэг бол том сорилт юм гэж Пеп Гвардиолла онцоллоо.
Тэдний хэн хожсон нь   Байер Мюнхэн- Арсенал багийн ялагчтай хагас шигшээд таарна. Энэ улиралд Аваргуудын Лигт түрүүлэх хамгийн өндөр магадлалтай хоёр баг ийнхүү шөвгийн наймд  буюу, дэндүү эрт өөр хоорондоо таарлаа. Хэдийгээр  МСИ-г хожно гэх мэргэжилтнүүд давамгайлж  буй ч, бөмбөг бөөрөнхий гэдгийг цохон тэмдэглэхэд илүүдэхгүй. МСИ түрүүлж гэмээнэ аваргаа хамгаалж, Европа Лигийн хамгийн нэр хүндтэй цомыг  хоёр дахь жилдээ Манчестер хотдоо  аваачих юм. Дүгнэж хэлбэл, өнгөрсөн улиралд хоёр цомыг авсан амжилтаа ахиулж,  энэ улирлын Европа Лигийн бүх шатны цомыг  Английн багууд өргөх магадлал ийнхүү анх удаа бүрджээ.
   Дээрх гурван лигийн тоглолтын билет аль хэдийнээ худалдаанд гарсан.
Тухайлбал, Аваргуудын Лигийн билетний  үнэ байршлаас хамааран 250 еврогоос - 700 еврогийн үнэтэй борлогдож эхэлжээ.
Шөвгийн найман багийн гал гарсан тоглолт   дөрөвдүгээр сарын 9-10- нд эхэлж,  зургадугаар сарын 1-ний Ням гарагт Лондонгийн  алдарт Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд финалын тоглолтоор өндөрлөнө.
Уэмблийн цэнгэлдэх хүрээлэнд финалын тоглолт үзэх бол  1845 евро төлөх юм байна.


Ц.ЭНХБАТ 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?