Г.БААТАРНУМ: СОЁЛЫН ЯАМТАЙ БОЛСОНД СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙНА

2020-07-25  
Шинэ Засгийн газрын шийдвэрээр биеэ даасан Соёлын яам байгуулсанд баяртай байгаа олон хүний нэг нь би билээ. Хийдгээ хийгээд тэтгэвэр чөлөөндөө гарсан над мэтийн хүнд нэг их хүртээлгүй л дээ. Харин одоо ид ажиллаж байгаа хүмүүст бол маш сайхан гэдгийг олоон жилийн өмнөх нэгэн жишээгээр өгүүлье.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай Соёлын яамны сайдаар ажиллаж байсан 1990-ээд он юм даа.
Тэр он жилүүдэд, өөрөөр хэлбэл 1995 онд “Соёлын жил” тохиосон юм. Би гэдэг хүн “Улаанбаатар” сонины соёл, урлаг хариуцсан сурвалжлагчийн хувьд энд тэнд болсон энэ төрлийн ажил, арга хэмжээнд байнга очдог байв. Тэр нь бараг нэгээр тогтохгүй ном гаргачих хэмжээний материалтай болсон гэсэн үг. Одоо бодоход ямар зоригтой байж вэ, нэг өдөр өргөдөл бичээд Н.Энхбаяр сайд дээр яваад орлоо доо.
Соёлын жилд зориулсан ном гаргахад “Соёлын сан”-гаас тодорхой хэмжээний мөнгөн туслалцаа үзүүлэхийг хүсэмжилсэн утгатай өргөдөл байсан юм.
Өмнө нь би Н.Энхбаяр сайдтай нүүр тулан уулзаж, гар барьж ч үзээгүй нөхөр шүү дээ. Гэтэл яасан гээч, сэгсийсэн үстэй надад маш эелдэгээр хандаж, “Таны бичсэн нийтлэлүүдийг би байнга уншдаг...” гээд өргөдлийг маань тэр дор нь цохоод өглөө.
Миний баярласан гэж тоймгүй, “Ямар сайхан ааштай хүн бэ” гэж л бодож байсан санагдана. Одоо бол дарга даамлуудын босгыг алхана гэдэг мань мэтийн харц хүмүүст бол бараг давдаггүй даваа болсон байх аа... Ийнхүү “Соёлын сан”-гаас багахаан хувийн хүүтэй зээлсэн чамгүй тоотой мөнгөөрөө Соёлын жил, Монгол киноны 60 жилийн ойд зориулж, “Сэтгэлийн өргөл”, “Хувирахын увдис” хоёр номыг нэг дор хэвлүүлж, хүний итгэлийг алдахгүйн тулд нөгөө зээлсэн мөнгөө нэг их удаалгүй төлж байж билээ. Энэ мэт ажилд бол өөрийн харьяа яамтай байна гэдэг сайхаан, сайхан... Нөгөө талаар Соёлын яамны сайд болоод удирдлагуудад томилогдсон хүмүүст миний хувьд сэтгэл нэн хангалуун байна. С.Чулуун сайдыг ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байхад нь нэг бус удаа уулзаж, Цэргийн яамны анхны сайд, Эрдэнэ далай ван Г.Гомбосүрэнгийн тухай ярилцлага авч “Соёмбо” сониндоо нийтлүүлж байв.
Улмаар 2017 онд хэвлэгдсэн Монголын шилдэг нийтлэл-93” ботид маань хүндтэй байр эзэлсэн гэдгийг тэмдэглэх юун. Мөн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Эрдэнэбатыг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилсон нь яах аргагүй нүдээ олсон томилгоо гэж ам бардам хэлэх байна. Сайн дуучнаас гадна, сайн удирдагч гэдгээ олон зүйл дээр баталгаажуулсан тэр бээр Дуурийн театрыг чадварлаг удирдаж, Хөгжим бүжгийн коллежийн захирлаар маш сайн ажиллаж, улмаар тус коллежийг Монгол Улсын консерватори болгоход тодорхой хувь нэмрээ оруулсан ачтан билээ.
Түүнчлэн Нийслэлийн Соёл урлагийн газрыг маш сайн удирдаж ирснийг нь ч мэдэх хүн олон. Ямартай ч, эдгээр мундаг залуус гар нийлэн ажиллана гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.
Шинээр байгуулагдсан Соёлын яам маань хүн ардаа соён гэгээрүүлэх үйлсдээ чамгүй амжилт гаргана гэдэгт ахмад сэтгүүлчийн хувьд сэтгэл хангалуун байна даа.
2020.07.25-ны өдрийн 10.20 цаг дор.
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?