Бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр дүгээр сарын 1-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив.
Сум, баг, тосгоны сургууль танхимаар, аймгийн төв, нийслэлийн сургууль гурван өдөр танхимаар, хоёр өдөр теле хичээл, цахим хэлбэрээр орно. Хүүхдүүд өдөрт 4-6 цаг хичээллэх бөгөөд нэг хичээл 35-40 минут байхаар тооцсон байна. Хүчин чадлаас хамаарч 3-4 настай нийт хүүхдийн тодорхой хувийг, таван настай хүүхдийг бүхэлд нь цэцэрлэгт хамруулах бол хоёр настай хүүхдийг энэ удаа авахгүй байхаар болжээ.
Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орохоор болсон байна. Энэ шийдвэрийг аравдугаар сарын 1 хүртэл мөрдөх бөгөөд КОВИД-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ Халдвар хамгааллын дэглэм баримтлах, хүүхэд, багш, ажилчдыг халдвар авахаас сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх, гар угаах болон ариутгах бодис, халуун хэмжигч багажаар хангахаар болно. Томуу төст өвчлөл нэмэгддэг учир арван хоёр дугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хугацаанд улирлын амралтыг эхлүүлэхээр тооцож бэлтгэлээ хангахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд нарт чиглэл болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.