МЯГМАРЫН БАДАРЧ ( Улсын заан): ЗААН ЦОЛ БОЛ ТОМ ЦОЛ. УЛАМ ИХ ХИЧЭЭЖ БАРИЛДАХ ХАРИУЦЛАГА НЭМЭГДЛЭЭ
2020-08-10
Цол цолны дундаас хамгийн сайхан цол бол заан цол. Улсын заан Бадарч гэж дуудуулахыг бөх болсон цагаас л мөрөөдсөн. Мөрөөдлийн цолондоо нутгийн хүчтэй арсланг давж хүрсэндээ бэлэгшээж байна. Том цолны нэр хүндийг өргөж явахыг хичээх, доогуур даваанд өвдөг шороодолгүй байх хариуцлага нүүрлэлээ. Энэ жилийн наадмын бэлтгэлийг арай өвөрмөц хийсэн гэж болно. Цар тахлын улмаас бөхчүүдтэй тулж барилдах барилдаан зогссон байсан. Тиймээс хүчний болон сэтгэл зүйн бэлтгэлийг голлон хийсэн. Барилдаан үгүйлэгдэж байсан учир мэдрэмж алдагдах сөрөг тал үүсэж байсныг наадмын цугларалтын үеэр нөхөхийг хичээсэн. Дээр нь, өнгөрсөн наадмуудаар унасан барилдаандаа дүгнэлт хийж, хурдаа нэмэхийн тулд жингээ хассан. Энэ бүхэн улсын наадамд дээгүүр барилдах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үздэг. Даваа бүрт аль болох алдаа гаргахгүй барилдахыг хичээсэн. Улсын заан цолонд хүрсэндээ туйлын баяртай байгаа. Энэ цол бол бөхийг тав, болон зургаагийн давааны тунаанаас гаргадаг онцлогтой. Тэгэхээр цаашид дээгүүр барилдах боломжийг нэмэгдүүлнэ. Ирэх жил Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 1024 бөх зодоглох, давхар цол олгох онцлогтой наадам болно. Энэ наадамд эртнээс бэлдэнэ. Анх бөх болно гээд хөдөө гэрээсээ цүнхээ үүрээд гарч байснаа санахад ээж, өндөр амжилтанд хүрлээ. Аймагтаа түрүүлж, арслан цолтой болоод гэртээ очиход “Одоо болно. Том цол хүртсэн юм чинь ирж малаа малла” гэж ээж маань хэлж байсан нь миний санаанд тод үлдсэн. Тэгэхэд ээждээ “Би улсын том цол заавал авна” гэж амласан. Амлалтаа заан цолоор ахиуллаа. Миний хувьд ах дүү олуулаа. Дээрээ зургаан ахтай, дороо дүүтэй. Ах нар маань монгол эрчүүдийн ёсоор сум орон нутагтаа наадмаар зодоглодог, аймаг, сумын цолтой цолтой бөхчүүд. Тэднээсээ цолоор давсан ч, сурсан зүйл их. Намайг бодвол уртай барилддаг ах нар олон. Тэд нараасаа суралцаж , мэхийг нь өөрийн болгосон. Тиймээс би тулж зогсдоггүй. Унасан ч, давсан ч уран хурц барилдаан үзүүлэх чанарыг тэднээсээ өвлөсөн. Ер нь зааны давааг давсны дараа дээд цол ойрхон харагдах юм билээ. Дахиад нэг давбал гарьд , нэмээд нэг давбал улсын арслан цолонд хүрчих жишээтэй. Том цол дэргэд юм шиг сонин мэдрэмж төрдөг юм билээ. Том цолонд хүрлээ. Миний хувьд үндэсний бөхийн төлөө бүх амьдралаа зориулсан. Тиймээс бүх хүчээ дайчилж хүрч болох оргил өөд мацна.
Ц.БАТАА
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна