ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН ЭНЭ БААСАН ГАРАГТ ОЛИМПИЙН ХОРООНЫ ТАМГЫГ АВНА
2020-08-11
Энэ долоо хоногт хөгшин Европ хөлбөмбөгөөр амьсгална. Харин Ази тивдээ ардчиллын түүчээ болсон Монгол улсад Үндэсний Олимпийн Хорооны даргаа сонгох сонгууль өрнөнө. Уучлаарай, сонгууль биш, тулгалт явагдана. Монголын Үндэсний Олимпийн хороог Жудо бөхийн холбоо "дайлаар " мордоно. Далд удирдагч нь Женко Баттулга.
Ерөнхийлөгчийн гарыг чанга атгаж буй энэ хүн Монголын Үндэсний Олимпийн Хороог энэ баасан гарагаас удирдахаар өдөр хоног тоолон хүлээж буй. Мэдээж, дүрмийн дагуу тэр нэр дэвших ч, түүнтэй өрсөлдөх нэг ч нэр дэвшигч гарахгүйгээр тоглолтын дүрмийг зохиосон. Олимпийн хорооны дарга болохоор хэдэн жилийн тэртээгээс зэхэж ирсэн Монголын Үндэсний Олимпийн хорооны дэд дарга, УИХ-ын гишүүн, Сү.Батболдын хүү Баттүшиг, УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир нарыг өрсөлдөөний талбараас холдуулах ажлыг түүний " эзэн" нь аль эрт зохион байгуулсан. МҮОХ-ны сүүлчийн сонгуулиар ялагдсан ч, өндөр оноо авсан Мөнх-Очирыг тухайлбал Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн зөвлөхөөр авсан. Тэгснээр хөдөлмөрийн баатар, Олимпийн анхны аваргын алтан медалийг эх орондоо авчирсан Түвшинбаярын замыг бүрэн засаж өгсөн.
Олимпийн хорооны даргад сонгогдох нь нэгэнт тодорхой болсон Түвшинбаярын хувьд өдөр тутмын гал тогооны ажил эрхлэх нарийн бичгийн дарга, бодлого боловсруулах, тулж түших дэд ерөнхийлөгчийг сонгох, томилох техник ажиллагаа үлдсэн.
Дүрмийн дагуу нарийн бичгийн даргаа өөрөө томилно. Харин дэд ерөнхийлөгчийн сонгууль нь энэ баасан гарагт түүний "сонгуультай " зэрэгцэнэ. Одоогоор олимпоор овоглосон Ж.Отгонцагаан, гарбөмбөгийн Бат-Энх, Спорт хорооны Пүрэв-Очир, Спортын газрын дарга асан Наранбаатар нарын дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэн.
Эд нарын нэг нь сонгогдоно. Сонгох хүмүүс нь олимпийн хорооны гишүүд болох 170 орчим эрхэм бий гэх. Олимпийн хороонд салхи оруулах цаг болсон гэх үзэл сүүлийн жилүүдэд давамгайлсан. Хэдхэн хүн Олимпийн хороог хувийн компани шиг ажиллуулж, ашиглаж, санхүүгийн данс тооцоо нь далд, шийдвэр нь хэсэгхэн хүний сонирхолд нийцэж байсан гэх шүүмжлэлтэй зууралдсаар энэ өдөртэй золгож буй. Тамирчдын Нөхөн Сэргээх Төв гэдэг байгууллагын гурван давхар барилга ч Олимпийн хорооны мэдлээс гарч, аль хэдийнээ хувь хүний мэдэлд ирсэн. Түүний шинэ эзэн нь Олимпийн Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж буй олимпийн аварга Бадар-Ууган гэх. Одоо тэр төв нь нэрээ өөрчилж " Өөжин мед" эмнэлэг болсон, өөр хоорондоо шүүхдэлцсэн байх жишээтэй.
Эд хөрөнгөнөөс гадна Олимпийн хороо нь спорт холбооддоо хүрч ажилладаггүй. Энэ учирсан асуудлыг шинэ удирдлага, тэр дундаа дэд ерөнхийлөгч, нарийн бичгийн дарга хэрхэн шийдвэрлэхийг тамирчид хүлээж буй. Нэр дэвшигчдийг судалж үзвэл: Олимпийн хороонд хамгийн удаан ажилласан хүн бол яах аргагүй дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Отгонцагаан. Тэр ял, шагналыг тэгш үүрэх эрхтэй нэгэн. Олон улсын Олимпийн Хороо, бусад спортын мэргэжлийн байгууллагатай холбоотой, туршлагатай нэгэн. Түүнийг спортын салбарынхан Магван гуайтай ижилсгэн " олимпийн өвөө" ч гэж нэрлэх нь бий. Тиймээс дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид дундаас хамгийн хүчтэй нь гэж түүнийг үзэж буй. Спорт хорооны дарга асан Пүрэв-Очир, Спортын газрын дарга асан Наранбаатар нар ч арвин туршлагатай. Эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа Пүрэв-Очир одоо хэр нь үргэлжлүүлж буй бол Наранбаатар дарга "Мастеруудын холбоо"-гоо хөгжүүлж буй. Спортын сайн судлаач, сайн зүтгэлтнүүд гэж хэлж болно. Харин МҮОХ-нд тогтмол найман цагийн ажил эрхэлж чадах эсэх нь л эргэлзээ төрүүлнэ. Олимпийн хороонд салхи оруулчих, шинэчлэл хийчих, шинийг сэдчих чадвартай, ажил хэрэгч, эрч хүчтэй хүнийг хайж буй бол тийм нэг нэр дэвшигч бол Бат-Энх гэж спортын салбарынхны тодорхой хэсэг үзэж буй. Гар бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахдаа өөрийгөө зөв талаас нь харуулж чадсан гэдэгтэй мэргэжил нэгтнүүд нь санал нэгддэг. Чадварлаг удирдагч. Спорт холбоог удирдаж байсны хувьд Монголын Үндэсний Олимпийн Хорооны үйл ажиллагааг жинхэнэ утгаар нь спорт холбоодтой холбож, уяж чадах хүн бол түүнийг гэж үзэж буйгаа олон тамирчин социал ертөнцөд үлдээсээр байна. Ийнхүү Монголын Үндэсний Олимпийн Хороог олимпийн анхны аварга удирдах цаг мөч ойртлоо. Түүний захыг Женко Баттулга өөрөө мушгиж сууна...
Control.mn
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна